Шинэ хичээлийн жил эхэлж, хаа сайгүй л сургууль, цэцэрлэгтээ яарсан хүүхдүүд бужигнаж байх чинь ээ. Шинээр томилогдсон Боловсролын сайд салбартаа өргөн хүрээний шинэчлэл хийхээ мэдэгдэж байсан бөгөөд түүний нэг нь гэрийн даалгаврын ачааллыг бууруулах. Тэгвэл 👇
🆕 Шинэ хичээлийн жил, шинэ арга барил: Энэ жилээс хичээлийн жил 3 улиралтай болж, бага ангийн хүүхдүүдийн гэрийн даалгавар хийх хугацааг 15-20 минут байхаар тогтоосон төдийгүй анги ахих тусам тус хугацаа 10 минутаар нэмэгдэж явахаар тогтоогоод буй.
☝️ Бууруулах нь чухал, гэхдээ!
Америкийн Юта муж дахь Баттерфилд Каньоны бага сургууль 2020 оноос хойш гэрийн даалгаврыг халсан аж. Ингэхдээ тэд бага ангийн боловсрол бол хүүхэд хорвоотой танилцаж буй хөгжлийн эхлэл буюу чухал үе учраас гэрийн даалгаврын оронд хорвоотой танилцах боломжийг нь олгоход чиглэлд ажиллажээ.
💁♂️ Кейс: Үр дүнд нь сурагчдын гэрийн даалгавартай холбоотой сэтгэл түгшилт, халшрал багасахаас эхлээд сэтгэцийн эрүүл мэнд нь илт сайжирсан байгаа юм.
🙅♀️ Туйлширч болохгүй: Стэнфордын их сургуулийн судлаачийн хэлж буйгаар гэрийн даалгавар болон сурлагын амжилт хоорондын хамаарлыг хэмжихэд хэцүү хэмээсэн байдаг. Гол агуулга нь гэрийн даалгавар хийхийн тулд сурч байгаа нь биш өөрийн хүсэл сонирхлоор уншиж, судалж байгаа нь сурлагын амжилтад нөлөөлдөг гэх санаа шүү.
🤨 Гэхдээ бид чинь Азиуд
Бага ангийн боловсролын тал дээр Япон Азид төдийгүй, дэлхийд үлгэр жишээ кейс. Бага ангийн боловсролыг 6-р анги хүртэл нь олгож, балын оронд харандаа хэрэглүүлэх, хичээлийн дараа ангиа цэвэрлэх зэрэг өчүүхэн мэт ч өндөр ач холбогдолтой үйлдлүүдийг багаас нь сургадаг. Энэ хичээлийн жилээс эхлээд монгол ч энэ чиглэл рүү алхахаар болж байгаа нь сайшаалтай.
🤺 Өрсөлдөөнтэй: Ачааллын хувьд тус улс бага ангийнхны гэрийн даалгаврыг хөнгөн байлгадаг ч дунд, ахлах ангид орох үед тодорхой хэмжээгээр нэмээд явдаг. Ахлах ангид бол гэрийн даалгаврын ачаалал эрс нэмэгддэг гэж байгаа. Энэ ч аргагүй буюу тус улсын их сургуулийн босго өндөр, өрсөлдөөн их учир ингэж шахахаас ч аргагүй юм.
Эцэст нь… ЕБС-ийн сурагчдын дунд тоглоом, шоглоом болгож “Гэрийн даалгаврыг зохиосон хүн дургүй сурагчаа шийтгэх гэж үүнийг зохиосон байх аа” гэж ярих нь элбэг. Ер нь тэгээд багш, эцэг эхчүүд хүүхдэдээ энэ чухал болохоор хий гэхийн оронд яагаад чухал гэдгийг ойлгуулчихвал гэрийн даалгавар дээр ч бусад зүйлс дээр ч илүү үр дүнтэй байх юм шиг…