МХБ (MSE)-д бүртгэлтэй ХК-иуд энэ сарын турш 2024 оны эхний хагас жилийн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулж буй. Тэгвэл өнөөдөр Газар Шим Үйлдвэр ХК (GAZR)-ийн үр дүнтэй танилцъя.
📊 Санхүү = Ногоон
Газар Шим Үйлдвэрийн эхний хагас жилийн санхүүгийн үзүүлэлт тун дажгүй. Тэдний цэвэр борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 20.8% нэмэгдэж ₮20.9 тэрбумд хүрсэн юм. Улмаар цэвэр ашиг нь 35.1% өсөж ₮5 тэрбумын босгыг давжээ.
🏃♂️ Илүү хурдан: Харин МХБ (MSE)-ийн ТОП-20 индекс дэх хүнсний салбарын акулууд нийт ₮126.6 тэрбумын ашигтай ажилласан. Тэдний цэвэр ашиг дунджаар 23.5% өссөн хэрэг. Тэгэхээр Газар Шим Үйлдвэрийн цэвэр ашгийн үйлдвэр салбарын акулуудын дунджаасаа 11.6 нэгж хувиар илүү байгаа юм.
📈 Өсөлт: Түүнчлэн компанийн нийт хөрөнгийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 28.7% нэмэгдэж ₮56.5 тэрбумд хүрсэн байна. Нэмээд үндсэн хөрөнгийн үнэ цэн нь дахин үнэлгээгээр ₮8.6 тэрбумаар нэмэгджээ.
💭 Юу хийв?
Тус компани энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дээрээ зах зээлд шинээр бүтээгдэхүүн нэвтрүүлэх, хүчин чадлаа нэмэх төлөвлөгөөгөө хуваалцаж байсан. Тэгвэл энэ оны эхний хагаст тэдний бизнесийн чадамжаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тэлэх ажлын гүйцэтгэл 75%-д хүрчээ. Улмаар нөөшилсөн ногооны үйлдвэрлэл нь 25.3%, Артишок ундаа үйлдвэрлэл нь 41% тус тус өссөн аж. Өөрөөр хэлбэл тэдний борлуулалтын тоо ширхэг 723,760-д хүрч жилийн өмнөхөөсөө 19.4% өсжээ.
Ахицтай: Цаашлаад тэд борлуулалтын системээ өөрчилснөөр харилцагч хамралт нь 41% нэмэгдэж борлуулалтын эргэлтийн давтамж нь 4 дахин нэмэгджээ. Тэгэхээр бүтээгдэхүүнүүд нь илүү хүртээмжтэй болсон бололтой.
🛒 Сагсаа нэмнэ: Түүнчлэн компани шинээр майонез, кетчуп, хүүхдийн нухаш, халуун ногоотой соус болон паста соус зэргийг үйлдвэрлэхээр зорьж буй. Тэгвэл эдгээрийн үйлдвэрлэлд гарахаас өмнөх бэлтгэл ажлууд хангагдсан байна. Удахгүй шинэ төрлийн бүтээгдэхүүнтэй золгох нь дээ.
Эцэст нь… Компани цаашид ч рэбрэндинг хийх замаар цар хүрээгээ тэлэхээр төлөвлөж буй. Нэмээд нийт ашгийн 30%-иас доошгүй хэсгийг ногдол ашиг болгож тараах бодлого баримталж байгаа тул Газар Шим Үйлдвэр тэлэх тусам хөрөнгө оруулагчдынх нь хүртэх өгөөж нэмэгдэх нь дээ.