Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх эрэмбэд байдаг Хятадад Монголоос суух Элчин сайд Н.Энхболд хүлээн авагч улсдаа итгэмжлэх жуух бичгийн хувиа өргөн барьж үүрэгт ажилдаа орох гэж байна.
🤵 Элчин сайд: Хамгийн гоё суудал
Тэрбээр УИХ-ын гишүүнээр тасралтгүй 5 удаа Төв аймгаас сонгогдсон, Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Өдгөө 67 настай тэрбээр инженер, эдийн засагч мэргэжилтэй орос, англи хэлтэй нэгэн аж. Тэрбээр дипломат албанд ажиллаж байсан туршлага байхгүй хэдий ч 2006-2007 онд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байв.
👨⚖️ Томилгоо: Түүний томилгоог энэ оны 4-р сард УИХ-аар хэлэлцэн баталж байсан бөгөөд одоогийн Гадаад харилцааны сайдын саналаар нэр дэвшиж байсан.
👀 Онцлог: Монголын Хятадад дахь ЭСЯ Пакистаныг хавсран хариуцдаг. Өөрөөр бол тус улсад Элчин сайдаар томилогдож буй сайд Пакистаныг давхар хариуцан ажиллана гэсэн үг.
1991 оноос хойш Монголоос Хятадад суух Элчин сайд нарын ажлын хугацааг харахад дунджаар 4 жил байсан бөгөөд Элчин сайд асан Д.Цахилгаан болон Ц.Сүхбаатар нар хамгийн урт буюу 7 жил тус албыг хашиж байжээ.
Гаднын улсын жишиг
Америкаас Монголд суух Элчин сайд нарыг ажилласан хугацааг харвал дунджаар 3 жил. Цаашлаад Элчин сайдаар яригдаж буй хүн ямарваа нэгэн улсыг хариуцан ажиллахаар бол ажлын туршлага, хэлний мэдлэгийн болзлыг хангахын хажуугаар тус улсад очоод юу хийх, ямар салбарыг голлон анхаарахаа албан бичгээр танилцуулдаг. Одоогийн Монголыг хариуцаж буй Элчин сайд Ричард Буанган ч Элчин сайд болохоосоо өмнө ажлын төлөвлөгөөндөө Монголын эрчим хүчний бие даасан байдал, ЭЗ, батлан хамгаалах салбарт голлон анхаарахаа мэдэгдэж байсан.
🤓 Томилгоо нь ч учиртай: Ричард Буанган өмнө нь Хятадад ажиллаж байсан туршлагатай төдийгүй Хятад хэлтэй нэгэн. Өөрөөр бол хөршүүдээсээ хамааралтай Монголыг ойлгохын тулд хөршүүдийг нь сайн мэддэг нэгнийг томилохыг бодолцсон мэт.
Эцэст нь… Элчин сайд нарын томилгоог мэргэжлийн бус хүн томиллоо гэх шүүмжлэл дагах нь олонтоо. Ер нь Монголын Элчин сайдаар томилогдож буй эрхмүүд хариуцан ажиллах улсдаа хэрхэн ажиллах талаар бодлого, төлөвлөгөөгөө танилцуулдаг болов уу? Ийм шаардлагыг эрх баригчид маань тавьдаг болов уу? Тун сонирхолтой.