Камала Харрис сонгуульд ялбал 1 удаа хүүхдийн мөнгөний дэмжлэг олгож хүүхэдтэй эцэг эхчүүдийн нуруун дээрх ачааг хөнгөвчлөх бодлого баримтлах гэнэ.
🐣 1 ой хүрчихвэл учиртай…
Америкт гэлтгүй хаа сайгүй л шинэ хүнтэй болсон өрхөд хүүхдийн 1 ой хүртэлх хугацаа санхүүгийн хувьд ч сэтгэл санааны хувьд ч томоохон сорилт болдог нь гарцаагүй. Америкт л гэхэд хүүхэдтэй болсноор өрхийн сарын орлого 10.4% буюу дунжаар $1,400-оор буурдаг аж. Ийм ч учраас Камала шинэ төрсөн хүүхдүүдийн эцэг, эхэд татварын хөнгөлөлт хэлбэрээр $6,000-ыг 1 удаадаа дэмжлэг болгон олгох хуулийг батлуулна аа л гээд байгаа.
🫂 Хүүхэд төрүүл дэмжье: Ийн нэг удаагийн мөнгөн дэмжлэг олгохоос гадна тэрбээр цар тахлын үед хэрэгжүүлж байсан хүүхдийн татварын хөнгөлөлт буюу нэг хүүхдэд $3,600 хүртэлх мөнгөн дэмжлэг олгох бодлогыг эргүүлэн авчрах аж.
🤔 Үр дүн: Түүний хэлж буйгаар бол Цагаан ордон цар тахлын жилүүдэд тус бодлогыг хэрэгжүүлснээр 2.9 сая хүүхдийг ядууралд орохоос сэргийлж чадсан хэмээж буй.
🧸 Айлын хүүхдүүдийг хар! Дээрээс нь Америкт хүүхэд тээх болон төрүүлэх үед ямар нэгэн тэтгэмж олгодоггүй нь эцэг, эхчүүдэд дарамт болж байгаа тул үүнийг хуульчилах хэрэгтэй гэж үзэж буй.
Тус улсын иргэд бусад чинээлэг орнууд бага насны хүүхдийн асрамжид жилд дунджаар $14,000-ыг өгдөг байхад эрх баригчид таг гээд нэлээн шүүмжилдэг. Яг үүн дээр л Камала Харрис тоглохыг хүссэн бололтой.
🤨 ЗГ: Хаа очиж дэмждэг шүү!
Монголын хувьд хүн амаа өсгөх бодлого баримталдагтай холбоотойгоор сар бүр хүүхдийн ₮100 мянга, жирэмсний болон амаржсаны тэтгэмж гэхчлэн мөнгөн дэмжлэг үзүүлдэг.
🥇Цуу алдарт: Алдарт эхийн одон олгож буй асуудал дээр нийгэм баруун, зүүн жигүүрт хуваагдан талцан буруу, зөв гэж шүүх аргагүй ч Илон Маск ахад бол Монголын алдарт эхийн одонг таалагдсан бололтой.
😵 Трэнд: Өдгөө дэлхий даяар залуучууд хүүхэдтэй болохын оронд хамтдаа хөдөлмөрлөөд, хураасан мөнгөө өөрсдөдөө зарцуулах амьдралын хэв маяг (DINK) дэлгэрч байгаа. Мэдээж хүүхэд хүнстэйгээ хамт ирдэг гэх сэтгэлгээтэй монголчуудын хувьд тус амьдралын хэв маягийг шүүмжилмээр санагдаж болох ч хүүхэд хүнснээс гадна үүрэг хариуцлага, анхаарал халамжтайгаа хамт ирдэг гэдгийг мартаж болохгүй.
Эцэст нь… Дэлхийн тэргүүн баян Илон Маск хүн амын өсөлтийг идэвхтэй дэмждэг нэгэн. Чинээлэг эрхмүүд хүн амын өсөлт өндөр байж гэмээн илүү олон гоц ухаантай хүүхдүүд төрөх боломж нэмэгдэнэ гэж үздэг бол нөгөө талд дундаж давхарга, шинэ залуу үеийнхэн эдийн засаг ийм байхад хүүхэд төрүүлэх нь оновчгүй сонголт гэж хардаг. Та аль тал нь вэ?