🪙 Хэдийг, юунд?
Энэ оны Боловсролын яамны төсөв өмнөх жилээсээ 36.2%-иар тэлж ₮4.2 их наяд байхаар тусгагдсан. Үүний ₮709.5 тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд дийлэнх нь барилга байгууламжид зарцуулагдана. Тодруулбал,
🤔 Барилга > Сургалт: ₮606 тэрбумаар нь сургууль, цэцэрлэг барьж, ₮51 тэрбумаар тоног төхөөрөмж авах юм. Нийслэлд л гэхэд 48 цэцэрлэг, 27 сургууль зэрэг нийт 158 төсөл хэрэгжиж буй. Өөрөөр хэлбэл сургууль цэцэрлэгийн барилга барихад зарцуулах мөнгө нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад зарцуулах мөнгөнөөс 38.8 дахин өндөр байгаа хэрэг.
❌ Дуусгадаггүй: Цаашлаад, жил бүр барилга байгууламжийн төсөв тавигддаг ч хугацаандаа дуусаж байгаа нь ховор. Хамгийн урт настай, удаан гацаатай төсөл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн төсөл л гэхэд 2014 оноос хойш дуншсаар энэ оны 1-р сард л ашиглалтад орсон. Энэ мэт жил жилийн төсвийг дамждаг цөөнгүй төсөл бий.
😓 Орхигдсон…
Харж байгаачлан боловсролын салбарын хөрөнгө оруулалтын дийлэнх нь барилга байгууламжид зарцуулагдаж байна. Нэмж барьсан, зассан барилга байгууламжийн тоогоор сургалтын чанар сайжирдаг бол сайхан. Гэвч бодит байдал дээр их сургуулиудынх нь чанар муу, ЭЕШ-ын дундаж үзүүлэлт нь жил жилээр буурч буй.
🥲 Баталгаа: Тодруулбал, 2023 оны ЭЕШ дээр 158 сурагч 800 оноо авч байсан бол энэ жил 77 сурагч буюу нийт шалгалт өгөгсдийн 0.2% нь л бүтэн оноогоо авсан гэсэн үг.
Эцэст нь… Боловсролын яамны төсвийн дийлэнх нь цалин, урамшуулалд зарцуулагдаж үлдсэн цөөхөн төгрөг нь барилга байгууламжид үрэгдэж байна. Ийм байхад сургалтын чанар сайжирна гэдэг юу л бол. Харин энэ сонгуулиар шинэ, туршлагатай сайдтай болсон. Ямар өөрчлөлт авч ирэх бол оо?