Монголын анхны необанк М банк 2 нас хүрлээ. Энэ хугацаанд юу болов? Ямар өөрчлөлт авч ирэв?
🌈 Зах зээлд авч ирсэн өнгө
М банк 2 жилийн өмнө зах зээлд нэвтрэхдээ дараагийн үеийн бүрэн дижитал банк гэдгээрээ онцлог байсан. Тиймдээ ч тус банк салбаргүй, очергүй бас хаадаггүй гэдгээрээ танигдсан. Энэ нь арилжааны банкнуудын дунд шинэ өнгө төрх нэмсэн гэж хэлж болно. Нөгөөтээгүүр тэд зах зээлд шинэ төрлийн урамшуулал, үйлчилгээ нэвтрүүлж харилцагчдаа татсан. Жишээ нь,
🧧 More yield: М банкны энгийн 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү ТОП-5 банкныхаас 1.46 нэгж хувиар өндөр буюу 13.6% байгаа. Нэмээд тэд ирэх сарын 5-ныг дуустал жилийн 20%-ийн хадгаламжийн хүүг зарлаад буй. Энэ хугацаанд хамгийн багадаа ₮200,0000 ихдээ ₮20 саяар хадгаламж нээх боломжтой бөгөөд хадгаламжийн дүн ₮200,000-₮9,999,999 бол хүү нь 13.6%, ₮10 саяас -₮20 сая болсон тохиолдолд хүү нь 20%-иар тооцогдох нь.
Хэр томров?
М банкны олгосон нийт цэвэр зээлийн хэмжээ 2 жилийн хугацаанд 1,315% өсөж ₮418.7 тэрбумд хүрсэн байна. Түүнчлэн 2022 оны II улирлын байдлаар ямар ч хадгаламж татаагүй байсан тэд энэ оны эхний хагас жилийн байдлаар ₮357.1 тэрбумын хадгаламж татсанаар нийт харилцах, хадгаламжийн хэмжээ нь 2 жилийн хугацаанд 3,762% өсөж ₮478.9 тэрбум болжээ.
📈 Үр дүнд нь: Энэ ч утгаараа М банкны нийт хөрөнгийн хэмжээ 304% тэлж ₮885.1 тэрбумд, хүүгийн орлого нь 1,732% нэмэгдэж ₮40.3 тэрбум болсон байна.
🤔 Цаашид яах вэ?
М банк энэ эрчээрээ улам тэлж 2028 оны эцэс гэхэд нийт зээлийн багцын дүнгээ ₮3.9 их наядад хүргэх зорилготой. Ингэснээр тэдний зээлийн багц одоогийн ХасБанк (XAC)-ныхтай дүйж очно гэсэн үг. Ямартай ч тэд 4 жилийн дотор 9 дахин тэлэхээр зорьж буй. Иймдээ ч тэд өнгөрсөн сард Монголд анх удаа байгальд ээлтэй картыг хэрэглээнд нэвтрүүлж, орон нутагт ч тэлээд амжсан. Цаашид хэр тэлэхийг нь харж л байя даа.