Хятад 2020 онд цэвэр эрчим хүчинд шилжих зорилтоо зарласнаас хойш анх удаа энэ оны эхний хагаст зөвхөн цэвэр, цахилгаан нуман зуухны ган үйлдвэрлэх төслийг баталлаа.
🔙 Гангийн уналт эргэн ирэх үү?
Ингэснээр Хятад цаашид нүүрсээр ажилладаг гангийн шинэ үйлдвэрүүдийн зөвшөөрөл олгохгүй болж байна. Гэхдээ үүнээс гадна өөр нэг асуудал нь тус улсын дотоодын зах зээлд гангийн эрэлт унаж буй явдал. Тодруулбал, өнгөрсөн 7-р сард гангийн экспорт нь 10% унаж 2020 оноос хойших хамгийн доод түвшинг заах болсон. Хятадын гангийн үйлдвэрлэл тэртээ 2008, 2015 онуудад дэлхийн эдийн засгийн уналттай давхцан ганхаж байсан. Гэхдээ энэ удаад тус салбарт зүгээр ч нэг өвөл болохгүй зуд тохиох магадлал өндөр байгаа. Яагаад?
😷 Хорхойтой шүд: Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт 2 жилийн турш үргэлжилж байна. Энэ утгаараа дотоодын эрэлт буурч, хахир өвлийн дохиог өгсөөр.
🪙 Харин нөгөө талд гангийн экспорт эхний улиралд өнгөрсөн оны мөн үеэс 35% өсөж 24 сая тн-д хүрээд буй. Энэ нь 2016 оноос хамгийн өндөр өсөлт төдийгүй оны эцэс гэхэд тус дүн 100 сая тн-д хүрэх төлөвтэй байна.
🙊 Өндөр үнэтэй шилжилт: Хятад дахь түүхий гангийн үйлдвэрлэлийн 90% орчим нь нүүрсэнд суурилсан үйлдвэрүүд гэхээр ойрын хугацаанд бол ямар нэгэн өөрчлөлт харагдахгүй ч 2060 он хүртэл юу болохыг таашгүй.
Тус улс бол дэлхийн томоохон ган үйлдвэрлэгч төдийгүй хэрэглэгч. Тэдний гангийн эрэлт буурна гэдэг ганц тус улсад сөргөөр нөлөөлөхөөс гадна нүүрсээр амь зогоодог улсуудад маш том асуудлыг үүсгэнэ.
🔗 Гангийн үйлдвэрлэл ба нүүрс
1 тн ган хийхэд 770 кг нүүрс шаарддаг. Товчоор бол гангийн үйлдвэрлэлд нүүрс гол орц. Тэгэхээр Хятад гангийн үйлдвэрлэлээ цэвэр эрчим хүчээр үйлдвэрлэдэг болбол импортоор нүүрс авах хэрэгцээ нь ч багасна. Улмаар Монгол, Австрали тэргүүтэй нүүсний гол импортлогчид нь дагаад хямрах эрсдэлтэй. Гангийн үйлдвэрлэл бол томоохон үйлдвэрлэгч улсын эдийн засгийг тольдох нэг тусгал болж байдаг. Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт даамжирч гангийн үйлдвэрлэл рүү орж буй нь ирэх жилүүдэд тус улсын эдийн засаг илүү гүн хямрахын дохио ч болж магадгүй л юм.
Эцэст нь… Цар тахлын үед Хятад хилээ хаахад л Монголын эдийн засаг хэцүүдэж байсан. Аргагүй дээ хөршүүдийн оршихуй, сэтгэлзүй гээд хамаарал ихтэй эдийн засагтай хойно, тэдний найтаалт Монголын хатгаа болдгийг бишгүй л мэдэрсэн дээ. Тавилан юм даа…