АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
ХААН Банкны энэ оны эхний хагас жилийн цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 6.8% өсөж ₮290.4 тэрбумд хүрлээ

 

МХБ (MSE)-ийн I болон II ангилалд бүртгэлтэй ХК-иуд 8-р сарын турш 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулж буй. Тэгвэл өнөөдөр ХААН Банк (KHAN)-ны хагас жил рүү өнгийе. Хэр их гал гаргасан бол оо?  

📈 ХААН-ы тэргүүлэл

ХААН Банкны энэ оны эхний хагас жилийн цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 6.8% өсөж ₮290.4 тэрбумд хүрсэн. Улмаар энэ дүн нийт банкнуудын цэвэр ашгийн 31.6%-ийг бүрдүүлжээ. Учир нь тэдний нийт зээлийн хэмжээ эхний хагаст 21.7% өсөж ₮11.3 их наяд болсноор нийт зах зээлийн 33.9%-ийг бүрдүүлж буй. Тиймдээ ч хүүгийн орлого нь 28% нэмэгдэж ₮1.2 их наядын босгыг давсан хэрэг.  

💸 Ямар зээл олгож байна? Тус банкны нийт олгосон зээлийн 11%-ийг ипотекийн, 39%-ийг хэрэглээний, 50%-ийг бизнесийн зээл тус тус эзэлжээ. Бүр дотор нь харвал олгосон ипотекийн зээлийнхээ дийлэнх хэсгийг буюу 70%-ийг өөрийн эх үүсвэрээс гаргасан байна.

🌳 Ногоон зээл юу болж байна? ХААН Банк Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргаж $60 саяын санхүүжилт татсан. Тэгвэл тэдний ногоон зээлийн багц оны эхний хагаст 142.2% нэмэгдэж ₮589.9 тэрбумд хүрснээр нийт зээлийн багцынх нь 5.2%-ийг бүрдүүлжээ.

🫂 Харилцагч = 1.8 сая

Цаашлаад, хамгийн их харилцагчтай гэгддэг ХААН Банкны цахим харилцагчийн тоог нь харвал жилийн өмнөхөөсөө 49.3 мянгаар нэмэгдэж 1.8 саяыг давжээ. Түүнчлэн уг банкны ПОС хэрэглэгчдийн тоо ч 12.4 мянгаар өсөж 55.7 мянга болсон байна. Тэдний харилцагчдын тоо нэмэгдэхэд харилцагчийн интернэт банкны өдрийн гүйлгээний лимитийг ₮50 сая болгосон, сайн дурын нийгмийн даатгалын нэхэмжлэлийг апп-аар төлөх боломжтой болсон зэрэг үйлчилгээний шинэчлэл нь нөлөөлж буй.  

Эцэст нь… ХААН Банк энэ оны эхний хагаст ОУВС, ЕСБХБ зэрэг ОУ-ын байгууллагуудаас нийт $186.8 саяын санхүүжилт татах гэрээ байгуулсан. Тэгэхээр оны сүүлийн хагаст цар хүрээ нь улам тэлэх биз ээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ