АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Төсөв: Бага байна, НЭМНЭ, ТОДОТГОНО!!!

 

УИХ-ын хувьд улсын төсөв гэдэг бол жил бүр л бага байна гээд нэмж тодотгодог зүйл болоод удлаа. Энэ жилийн хувьд ч төсвийг тодотгохыг дэмжиж, хуульдаа ч өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Яах гээд байдаг юм бэ?

 Данхайсаар… 

Энэ жил буюу сонгуультай жил түүхэн том төсөв баталсан. Угаас манай төсөв сонгуулийн жилүүдэд огцом өсдөг. Тодруулбал, 2008 оноос хойших сонгуулийн жилүүдийн төсвийн зардлын дундаж өсөлт 28.5% байгаа нь сонгуулийн бус жилүүдийнхээс даруй 13.4 нэгж хувиар өндөр байгаа юм. Тэгвэл УИХ энэ жилийн энэ данхгар төсөвт тодотгол оруулах талаар хэлэлцэх нь ээ. 

🤔 Ямар өөрчлөлт гарах вэ? Энэ жилийн төсвийг тодотгохдоо тэнцвэржүүлсэн орлогыг 12% нэмэгдүүлж ₮28.9 их наядад, зардлыг 11.3% өсгөж ₮30.5 их наядад хүргэхээр хэлэлцэх юм. Улмаар төсвийн тэнцэл ₮1.6 их наядын алдагдалтай гарна гэсэн үг.

📃 Учир начир: Шинэхэн хамтарсан ЗГ Ерөнхий сайдаас гадна 3 Шадар сайд, 16 яамны сайд, 4 яамгүй сайд томилогдож нийтдээ 23 сайдтай болсон. Тиймээс тодотголоор яамдын тоо 2-оор нэмэгдсэнээс гадна яамгүй болон Шадар сайдуудын төсвийн нэмэгдэл орж ирснээр төсөв тэлж байгаа хэрэг.

➖ Хасагдана: Мөн тодотголоор улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нийт 15 аймаг байгаагаас Сүхбаатар, Говьсүмбэрээс бусад аймгуудын төсвийг танах талаар хэлэлцэх юм. Улмаар 13 аймагт олгох нийт санхүүжилтээс ₮47.7 тэрбум хасагдах нь.

⁉ Ямар нөлөө гарах вэ? 

Энэ оны төсвийн нийт орлогын 92.9%-ийг та бидний татварын орлого бүрдүүлэхээр тусгагдсан. Харин тодотголоор төсвийн орлого 12% нэмэгдэнэ гэхээр та биднээс авах татварын орлого нэмэгдэнэ гэсэн үг. Уг нь бол энэ оны батлагдсан төсвөөр бол бид аль хэдийн 2023 онд төлснөөсөө ₮4.5 их наядаар их дүнтэй татвар төлөхөөр байгаа. 

 ⚠ Нэмээд: Төсөв тэлнэ гэдэг нь зах зээл дээр тэр хэмжээний мөнгө эргэлдэнэ гэсэн үг. Гэтэл манай инфляц саяхнаас л 1 оронтой тоо руу ороод байна. Монголбанк ч бодлогын хүүгээ 11% дээр хэвээр хадгалж байгаа. Харин төсөв тэлснээр эргээгээд инфляцыг өдөөж, бодлогын хүү буурахгүй байх нөхцөл үүснэ. Тэгэхээр таны авах зээлийн хүү ч буурахад хэцүү болох юм.

Эцэст нь… Сонгуулийн үр дүнд хамтарсан ЗГ байгуулагдсан тул сөрөг хүчний дуу хоолой хүчтэй байхгүй. Тэгэхээр төсөв нь тэлээд л, яамдуудын зардал нэмэгдэх нь. Гол нь хэр оновчтой байх бол?

ШУУД ДАМЖУУЛАЛТ