Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Цувралын 1 ангид $423,000-оор дүр бүтээдэг жүжигчин

 

9 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод +20 хэмийн дулаан байх хэдий ч бороо орох төлөвтэй байна. Юун бороо вэ, гэж үү? Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain буюу Жон Жи Хүн Монголд ирэх гээд  байна аа цаана чинь. Сурсан зангаараа Өмнөд Солонгост жүжигчдийн хэтэвч рүү өнгийцгөөе. 

👑 ТОП-10

Өмнөд Солонгосын хамгийн өндөр орлоготой, хөрөнгөтэй эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг Ким Сү Хён $170 саяын хөрөнгөтэйгөөр тэргүүлдэг. Түүний хувьд нэг драмад хамгийн өндөр дүнгээр дүр бүтээдгээрээ алдартай бөгөөд “One Ordinary Day” хэмээх цувралын 1 ангид $423,000-оор тоглож байсан аж. 

🤑 Хэд юм бэ? Харин тун удахгүй Монголд ирэх гэж буй Rain ТОП-10-н жагсаалтын 7-рт бичигдэж буй. Цаашлаад, тэрбээр эхнэр болох Ким Те-Хигийн хамт Өмнөд Солонгосын хамгийн баян хосуудын жагсаалтыг ч өнгөлдөг. Гэснээс түүний тоглолтын зохион байгуулагчаар EVANDIS Entertainment хариуцаж байгаа гэсэн шүү.

🖤🩷 In your area: Өмнөд Солонгосын энтертайнмент салбарыг К-поп-ийн уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Жишээ нь л гэхэд BlackPink-н хамгийн сүүлийн Born Pink аялан тоглолтоор 1.8 сая тасалбар борлуулагдаж $332 саяын орлого олсноор, Азид түүхэн дээд түвшин тогтоож байв.

 Солонгос давлагаа

К-поп урсгалын цуу алдар өдгөө барууны орнуудад ч цуурайтаж, дэлхий даяар тус улсын кино, дууг дурлан сонирхож буй хүмүүсийн тоо 2012 оноос 9.3 сая өсөж 225 саяд хүрчээ. Түүнчлэн тус улс хамгийн нөлөө бүхий өв соёлтой улсуудын 7-рт бичигддэг төдийгүй эхний 5-д багтах зорилт ч тавиад буй.

💪 Зөөлөн: Харж байгаачлан Солонгос давлагаа тус улсын зөөлөн хүчний бодлогыг улам хүчирхэгжүүлж байгаа төдийгүй К-поп оддын тоглолтын уур амьсгалыг мэдрэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс шүтэн бишрэгчид нь тус улсыг зорих нь олонтоо.

Эцэст нь… Сүүлийн 2 жилд буюу “Go Mongolia” хэрэгжиж эхэлснээс хойш Өмнөд Солонгосын алдартай жүжигчид, дуучид, инфлүнсэрүүд Монголд ирж Монголыг сурталчлах болсон. Энэ хирээрээ тус улсаас Монголыг зорих жуулчдын тоо ч нэмэгдэж байна даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ