Хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр үнэт цаасны компаниудын үйл ажиллагаа, ашиг орлого ч нэмэгдэж байна. МХБ-д бүртгэлтэй 51 ҮЦК-ийн 13 нь энэ оны эхний хагаст нийт ₮10 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Энэ салбарт юу болж байна, өнгийе.
13 VS 18 = 20
Ашигтай ажилласан 13 ҮЦК-ийн нийт ашгийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 104.5% нэмэгджээ. Харин 18 компани алдагдалтай ажилласан бол 20 компанийн тайлан МХБ-ийн нэгтгэлд ороогүй байна. Заа ингээд жам ёсоор тайлангаа гаргасан компаниудын сайн, мууг шинжье.
👑 Мөнхийн тэргүүлэгч: ҮЦК-иудыг арилжаа, орлого, ашгаараа сүүлийн жилүүдэд байнга тэргүүлж байгаа нь Голомт Капитал ҮЦК. Тэдний 2024 оны хагас жилийн цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 142.5% өсөж ₮7.6 тэрбумд хүрсэн байна. Энэ нь нийт 13 компанийн ашгийн 75.9%-ийг бүрдүүлсэн гээд л бод.
🤫 Тэргүүний нууц: Голомт Капитал ҮЦК-иуд дундаа “Бондод дурлагч” гэдгээрээ алдартай. Тэд эхний хагаст нийт ₮137.3 тэрбумын арилжаа хийсэн нь нийт ҮЦК-иудын арилжааны 8.6%-ийг бүрдүүлсэн бөгөөд Нийслэл бондын дэд андеррайтераар ажилласан билээ.
📉 Ухралт: Харин 2023 оны эхний хагаст ₮109.8 саяын ашигтай ажиллаж ашгаараа ТОП-10-ын эгнээнд багтаж байсан Стандарт инвестмент ҮЦК энэ оны эхний хагаст ₮27.5 саяын алдагдалтай ажилласан байна.
Биржийн бус дээр юу болж байна?
ҮЦК-иудын өөр нэг тоглолтын талбар бол биржийн бус зах зээл. Нийт бондын зах зээлийн арилжааны дийлэнх нь тус бирж дээр арилжаалагдаж буй. Биржийн бус зах зээл дээр хамгийн идэвхтэй байгаа андеррайтер болон брокер ҮЦК-ийг харвал мөн л Голомт Капиталын нэр 1-рт бичигджээ. Уг зах зээл дээр бонд гаргах нь харьцангуй шалгуур багатай тул шатахуун, уул уурхай, барилга гээд төрөл бүрийн салбарын компаниудын бонд гаргаж буй. Тиймээс энэ зах зээлд ч ҮЦК-иуд идэвхтэй байгаа хэрэг.
Эцэст нь… ҮЦК-аа сонгохдоо санхүүгийн болон арилжааны тайланг нь энэ мэтээр судлаад үзэхэд гэмгүй шүү. Мөн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ сонгоод тэр бүтээгдэхүүнээр аль ҮЦК хамгийн сайн мэргэшсэн бэ гэдгийг судалж байгаад хандаарай. Гэснээс бид удахгүй биржийн бус зах зээлийн арилжаа, хэн ямар бонд гаргаад юу болж байгааг дэлгэрэнгүй хүргэе ээ. Stay tuned!