АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Энэ онд 7% өсөх Монголын эдийн засгийн өнгө

 

Энэ оны эхний хагас жилд манай ДНБ 5.6% өсөж ₮14.4 их наядад хүрээд байна. Юу болж өнгөрөв? Цаашид яах вэ?  

 Хэний ачаар, хэний усаар?

Өнгөрсөн оны эхний хагаст манай үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ арай илүү хурдаар буюу 6.7% өссөн. Учир нь тухайн үед уул уурхай, олборлолтын салбарын ДНБ-ий өсөлтөд оруулсан хувь нэмэр 3.9 нэгж хувь байсан бол энэ оны эхний хагаст 1.8 нэгж хувь болжээ. 

Өөдөлдөггүй салбар: Харин анги бүрд ангийн сурлагын дүнг доош нь татдаг нэг сурагч байдаг шиг хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий өсөлтөөс чангаасаар байна. 2022 оны эхний хагас жилд бүх салбар уналттай байхад ХАА-н салбар ДНБ-ий өсөлтөд 1.8 нэгж хувийн хувь нэмэр оруулсан ч 2023 оны эхний хагаст 1.7 нэгж хувь, энэ оны эхний хагаст 3.9 нэгж хувиар тус тус чангаажээ.  

 Дээр үү, доор уу?

Цаашлаад оны төгсгөлд бол Эдийн засаг, хөгжлийн яамны хувьд ДНБ-ийг 6% өсгөнө гэсэн төсөөлөлтэй байгаа. Харин Азийн хөгжлийн банкны гаргасан төсөөлөл үүнээс 1.9 нэгж хувиар бага буюу 4.1% байна. Тэгэхээр оны төгсгөлд ДНБ хэр зэрэг өсөх вэ гэдэг нь түүхий эдийн үнэ, уул уурхайн салбарын гүйцэтгэлээс хамаарахаас гадна төр засгийн томоохон шийдвэр ч нөлөөтэй. 

 Нэмсээр, нэмсээр

Монголбанк нь инфляц 1 оронтой тоо руу орсон ч бодлогын хүүгээ 11%-д хадгалах шийдвэр гаргаад байтал ЗГ маань сурсан зангаараа төсвөө тодотгох гэж буй. Тодотгол батлагдвал төсвийн зардал ₮3.1 их наядаар нэмэгдэнэ. Тэгэхээр инфляц өсөж бодлогын хүү буурахгүй байх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ тохиолдолд МАН-ийн яриад байгаа ДНБ-ий өсөлтийг 7%-8%-д хадгалах бодлого бодит болоход тун хэцүү. 

Эцэст нь… Оны төгсгөлд эдийн засаг маань юу болох нь уу, уул уурхайн экспорт маань яах нь уу харж л байя. Мөн төсвийн тодотгол батлагдмагц та бүхэндээ гараа гаргаж тоймлон хүргэм зээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ