АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монголын ДНБ-ээс 2 дахин том хэлцэл

 

Амттаны салбарын акул Mars Pringles-ээрээ танигдсан Kellanova (K)-г $35.9 тэрбумаар худалдан авах гэж байгааг дуулсан л биз дээ. Амттаны салбарын акулуудын нэгдэл зах зээлд хэрхэн нөлөөлөх бол? 

 Хэт их чихрийн дунд хэсэгхэн давс ч амттай 

Тус 2 компанийн нэгдэл Mars-н бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэх хүслээс эхлэлтэй. Ганц Mars гэлтгүй Hershey (HSY) ч сүүлийн 7 жилийн дотор 2 ч чипс үйлдвэрлэгч компанийг худалдан авснаас харахад амттан үйлдвэрлэгч луугарууд сагсандаа давслаг бүтээгдэхүүн багтаах трэндтэй болсон юм шиг. 

Өндрөөс өндөр: Юутай ч Mars Kellanova-г одоогийн зах зээлийн үнэлгээнээс нь $8 тэрбумаар өндөр үнэлж худалдан авч байгаа. Тус нэгдэх хэлцлийн дүн амттан үйлдвэрлэгчдийн дунд толгой цохихын сацуу, энэ оны хамгийн том дүнтэй хэлцлийн жагсаалтыг ч өнгөлж байгаа.

Зээлээс зээл: Цаашлаад, Mars тэднийг бэлэн мөнгөөр худалдан авах төдийгүй ингэхдээ JPMorgan (JPM), Citygroup (C)-с нийт $29 тэрбумын зээл авсан сурагтай.

 Kellogg-н тухай багахан 

Kellanova-н тухайд 116 жилийн түүхт толгой компани Kellogg шинэ эриний шинэ стратегиа боловсруулж 2022 онд бизнесээ амттан, өглөөний хоол, веган хоол гэх 3 хэсэгт хувааж байв. Улмаар Kellanova амттаны зах зээл рүү төвлөрсөн бол тэдний охин компани болох WK Kellogg (KLG) нь 2023 онд IPO хийж өглөөний хоолны зах зээл рүү төвлөрсөн юм.

🔜 Цаашид: 2 компани ирэх оны эхний хагаст бүрэн нэгдэж Америкийн зах зээлийн 12%-ийг эзэгнэх төлөвтэй байгаа. Харин үүний өмнө болон дараа амттаны зах зээлийн акулуудын нэгдэх хэлцэлд зохицуулагч талаас монополын шалгалт хийх л болов уу. 

Эцэст нь… Амттаны акулуудын цаашдын төлөвлөгөө юу байх бол өөр өөрсдийн өнгө төрхийг нэгтгэсэн шинэ бүтээгдэхүүн гаргах болов уу? Аль эсвэл давс, чихрээр нь ялгаад тусад нь хөгжүүлээд явах болов уу? Сонирхолтой л юм. Гэснээс уг мэдээг хэлцлийн дүнгээс нь бараг 2 дахин бага буюу $19 тэрбум эдийн засагтай Монголын иргэн бичив. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ