АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Дэлхий даяарх юникорнуудын зах зээлийн үнэлгээ $4.6 их наядад хүрчээ

 

Цар тахлын жил буюу 2021 онд $1 тэрбумын үнэлгээтэй стартапын тоо 580-д хүрснээс хойш ч юникорны төрөлт нэлээн буураад буй. Харин өнгөрсөн жилийн байдлаар дэлхий даяарх юникорнуудын зах зээлийн үнэлгээ нийлбэр дүнгээр $4.6 их наядад хүрчээ.

🤠 Юникорн шүү дээ!

Тус $4.6 их наядыг 1,453 юникорн бүрдүүлж байгаа бөгөөд 2023 онд 92 юникорн мэндэлж цар тахлын дараах жилүүдийн дээд амжилтыг эвдэв. Цаашлаад стартапуудын юникорн болох дундаж насжилт 10 байдаг бол үүсгэн байгуулагчдынх нь 45 нас байдаг гэнэ ээ. 

👀 Хамгийн, хамгийн: Юникорнуудын түүхэнд хамгийн хурдан $1 тэрбумын үнэлгээнд хүрсэн компани гэвэл OpenAI. Яагаав, өнгөрсөн оны 11-р сард ChatGPT-г зах зээлд нэвтрүүлж 2 сарын дотор 100 сая хэрэглэгчтэй болж байсан AI-н стартап шүү дээ

🥈 Удаад нь, Ангарагийг цуцашгүй мөрөөсдөг Илон Маскийн SpaceX бичигдэж буй. Мөн тэд хамгийн өндөр үнэлгээтэй юникорнуудын 2-рт буюу $220 тэрбумын үнэлгээтэй TikTok-н толгой компани ByteDance-н араас жагсаж байв. 

🔝 ТОП-10: Цаашлаад, Canva, Binance (BNB) нар ч хамгийн хурдан юникорн болсон ТОП-10 стартапын жагсаалтад багтаж буй. 

👂 Сураг байна уу? 

Үргэлжлүүлээд улсаар нь харвал Америкт 703 буюу нийт юникорнуудын 48% нь үйл ажиллагаагаа явуулдаг. Араас нь Хятадаас 340, Европын орнуудаас 109, Энэтхэгээс 67, Их Британиас 53 юникорн тус тус мэндэлжээ. Гэснээс өдгөө юникорнтой 53 улс байгаа бол 140 гаруй улс юникорнын зулай хараахан үнэрлэж амжаагүй л явна даа.  

🤔 Том байх нь хамаагүй: Юникорнгүй улсуудын дунд эдийн засгийн хувьд хүчирхэг Саудын Араб, Польш тэргүүтэй улс багтаж буй. 

🔮 Түүхэн жил? Энэ оны эхний I улирлын хувьд хиймэл оюун ухааны давлагаагаар 37 юникорн төрсөн бөгөөд энэ нь 2023 оны мөн үеэс 48% өссөн үзүүлэлт юм. Тэдэн дунд Узбекистаны анхны юникорн Uzum ч багтаж буй.  

Эцэст нь… Энэ оны I улирал юникорнуудын хувьд Дашням, Балжиннямтай гэдэг шиг л улирал байлаа. Бид ч гэсэн хэзээ нэгэн цагт Монгол юникорны талаар бичээд сууж байна гэдэгт итгэдэг дээ. 😌

NEWSLETTER

ШУУД ДАМЖУУЛАЛТ