Наадмын дараа намар болж хичээл сургууль эхэллээ дээ. Энэ жил төрийн өмчит их сургуулиудын төлбөр хэр нэмэгдсэн бол?
Өсөн нэмэгдсээр: +48%
Төрийн өмчит 6 их сургуулийн 1 кредитийн дундаж төлбөр энэ хичээлийн жилд 2019-2020 оны хичээлийн жилээс дунджаар 48% өсөж ₮124.9 мянга болсон байна. Задалж харъя.
💰 Хэд юм бэ? 1-р дамжааны оюутан 2024-2025 оны хичээлийн жилд 35 кредит хичээл үзнэ гэж үзвэл нийт төлбөр нь дунджаар ₮4.4 сая болох нь. Харин 5 жилийн өмнө энэ дүн ₮3 сая болж байж.
📈 Хамгийн их: ШУТИС-ийн 1 кредитийн төлбөр 5 жилийн өмнөхөөс дунджаар 91.4% нэмэгдсэнээр хамгийн өндөр төлбөртэй төрийн өмчит сургууль болоод байна. Үүний араас СУИС-ийнх 55.4% нэмэгдсэн ч 1 кредитийн төлбөр нь хамгийн бага буюу ₮99 мянга байгаа юм.
📉 Хамгийн багаар: Харин МУИС-ийн ерөнхий суурийн 1 кредитийн төлбөр хамгийн багаар буюу 25.1% нэмэгджээ. Гэхдээ энэ нь 2023-2024 оны хичээлийн жилийн дүн бөгөөд энэ жилийн хувьд нэмэгдэх үгүй нь тодорхойгүй байна.
🤑 Хэдийг олдог вэ?
Үргэлжлүүлээд, их сургуулиудын санхүүг сонирхуулбал, хамгийн өндөр төлбөртэй болсон ШУТИС сүүлд 2022 оны санхүүгийн тайлангаа оруулж. Эндээс харвал сургалтын орлого нь 2019 оныхоос 14.1% өсөж ₮42.5 тэрбумд хүрсэн нь тус сургуулийн нийт орлогын 68.1%-ийг бүрдүүлжээ. Харин МУИС-ийн хувьд 2023 оны эхний хагас жилд нийт ₮32.5 тэрбумын орлого олсон ч зардал нь үүнээс давж ₮12.2 тэрбумын алдагдал хүлээсэн аж. Овойж оцойтлоо их мөнгө олоод байгаа юм бол байхгүй бололтой.
🤔 Чанар нь?
Саяхан манай их сургуулиудын эрэмбэ чанар гарсан. Ер нь бол ташраараа гадаад харилцааны үзүүлэлт дээрээ “F” авч байгаа. Өөрөөр хэлбэл, гадаад багш, гадаад оюутан, гадаад сурах бичиг, англи хэл дээр заагдаж буй хичээлийн эзлэх хувь зэрэг үзүүлэлтүүд маш хангалтгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол манай их сургуулиуд чанартаа нэлээд анхаарч сургалтаа ч сайжруулмаар байна даа.