Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Орон нутгийн хөгжилд төсвөөс ₮2 их наядыг зарцуулна

 

Орон нутгийн сонгууль ирэх 10-р сард болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн төсөв рүү өнгийе. 

1️⃣ Мэдээж хааны өлгий нутаг нэгт 

2024 оны төсвийг батлагдахад орон нутгийн хөгжлийг дэмжсэн, хот хөдөөгийн ялгаатай байдлыг арилгахад чиглэсэн төсөв боллоо гээд нэлээн онцлон ярьж байсан. Энэ ч утгаараа 2024 оны төсвийн жилд төсвийн хөрөнгө оруулалтаар 935, гадаадын зээл тусламжаар 129 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Улмаар төсвөөс ₮2 их наядыг орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулахаар төсөвлөөд буй. 

💰 Төсвөөс: Энэ дундаа Хэнтий аймагт хэрэгжүүлэхээр төсөвлөсөн 46 төсөлд хамгийн өндөр буюу ₮242.3 тэрбумыг төсөвлөсөн байдаг. Уг хөрөнгө оруулалтын 88% нь дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх юм. Хамгийн өндөр төсөвтэй нь л тус аймаг болохоос биш төслийн тоогоор Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 90 төсөл хэрэгжүүлэх аж.

✈️ Гаднаас: Цаашлаад, Дорноговь аймагт хамгийн өндөр буюу ₮187.6 тэрбумын гадаадын зээл, тусламжаар 9 төсөл хэрэгжүүлэх юм. Тус аймагт шав тавиад 6 жил болж буй газрын тос боловсруулах үйлдвэр болон хэд хэдэн эрчим хүчний төсөл хэрэгжиж байгаа. Харин Ховд аймагт автозамын төслүүд, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажил явагдаж байгаа билээ.

😥 Орлого, зарлага тэнцдэг нь цөөхөн 

Өнгөрсөн оны байдлаар 21 аймгаас ердөө Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймгийн төсвийн тэнцэл ашигтай гарсан. Энэ жилийн төсөвт ч 6 аймгаас бусдад нь санхүүгийн дэмжлэг олгохоор тусгасан. Юутай ч энэ оны эхний 5 сарын төсвийн гүйцэтгэлээр Хөвсгөл, Архангай, Хэнтий, Говь-Алтай зэрэг аймгуудад хамгийн өндөр дүнгээр санхүүгийн дэмжлэг олгосон байна.

⏲️ Эхний 5 сард: Энэ дотроо Хөвсгөл аймагт ₮43.6 тэрбум, Хэнтийд ₮39.3 тэрбум, Баянхонгорт ₮38.4 тэрбум гэхчлэн төсөвлөжээ.

Эцэст нь… Энэ оны эхний 5 сарын байдлаар орон нутгийн төсвийн тэнцэл ₮1 их наядын ашигтай гарсан. Гэхдээ энэ нь орлого өссөнтэй бус төсөөлснөөс бага зарлага гаргасантай л холбоотой байсан юм. Юутай ч орон нутгийн хөгжлийг дэмжиж, хот хөдөөгийн ялгааг багасгана гэх тодотголтой 2024 оны төсвийн үр ашиг гарах нь уу, яах нь уу харж л сууя даа.

NEWSLETTER

ШУУД ДАМЖУУЛАЛТ