Барууны орнуудын хориг арга хэмжээг давах зорилгоор Орос Хятадтай худалдааны хуучин арга болох бартер худалдааг ирэх намраас сэргээхээр төлөвлөж байгаа аж. Хэр үр дүнтэй вэ?
Дайнаас үүдэлтэй хориг
Талууд одоогоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бартераар солилцохоор төлөвлөж байгаа бол Оросын талаас нэмээд Хятадаас импортолдог машины эд ангиудыг металлаар сольж авах талаар хэлэлцэж байгаа гэнэ.
🙅♂️ Гүйлгээ саатав: Сонирхуулахад, өнгөрсөн хугацаанд Оросоос юанаар хийх банкны шилжүүлэг хэдэн 7 хоногоор саатаж байв. Тэгвэл саяхнаас энэ төрлийн шилжүүлгийн 80% орчим нь хэвийн хийгдсэн бөгөөд үүн дээр ямар нэгэн тайлбар өгөөгүй аж.
✅ Дасан зохицохоос өөр аргагүй: Мөн өнгөрсөн онд Орос худалдааны түнш орнууд руугаа жижиг банкнуудаар дамжуулан гүйлгээ хийх, төлбөрийн өөр хувилбар буюу долларын бус гүйлгээ хийх зэргээр Оросын зарим банкыг олон улсын банк санхүүгийн сүлжээнээс тусгаарласан хоригт дасан зохицож байв. Гэвч Америкийн талаас Орост тусалж байгаа санхүүгийн байгууллагуудыг онилсон 2 дахь хоригоос үүдэж уг стратеги нь асуудалд ороод буй.
💴 Бартердаад сурчихсан хө
Орос анх удаа бартер худалдаа хийж байгаа юу гэвэл мэдээж үгүй. Өмнө нь ЗХУ-ын үед мөн тус тогтолцоо задарсны дараах жилүүдэд Орос худалдааны гол түнш болох Хятадтай бартер хийж байв. Цаашлаад, 2022 оны 8-р сард Афганистаны талибан бүлэглэлийнхэн Оросын талтай газрын тосны бүтээгдэхүүнийг үзэм, ашигт малтмал, эмийн ургамал зэргээр бартердах яриа хэлэлцээ хийсэн аж. Энэтхэг, Ираны ЗГ-ч Украины дайн өрнөсөн эхний хэдэн сард Оростой бартер худалдаа хийх талаар хэлэлцжээ.
🔎 Асуудалтай тал бий: Гэвч бартер худалдаа нь өнөө үед тийм ч тохиромжтой худалдааны хэлбэр биш гэгддэг. Тодруулбал, автомат тооцоолох системийг ашигладаг дэвшилтэт технологид суурилсан бизнесүүд болон том компаниудын хувьд бартер худалдаа хийх нь хүндрэлтэй байдаг аж. Нэмээд татварын тал дээр асуудалтай.
Эцэст нь… Ямартай ч хойд хөрш маань худалдааг хөнгөвчлөх үүднээс крипто зэрэг төлбөрийн хэрэгслийн шинэ хувилбаруудыг нэвтрүүлэхээр яарч байгаа аж. Харин хоригийн эсрэг арга хэмжээнүүд нь хэр үр дүнд хүрэхийг харъя даа.