Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Өмнөх жилүүдийн хөтөлбөрөөс юугаараа өөр вэ?
⭐ Онцлох нь
Тус хөтөлбөрийг шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих нийгэм, ЭЗ-ийн хөгжлийн суурь реформын эхлэл гэж үзэж буй.
📖 Төслийг боловсруулахдаа 2024 оны сонгуулиар УИХ-д суудал авсан МАН, АН, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх нийтлэг зорилтуудыг тусгажээ.
↗️ 4 чиглэлээр ажиллана: Цаашилбал, бодлогын үндсэн 4 чиглэлийг тодорхойлж, тэдгээрийн хүрээнд тус бүр 4 зорилго, нийт 593 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
🔎 Намуудын мөрийн хөтөлбөрөөс юу тусгав?
Энэ удаагийн ЗГ хамтын ЗГ гэдгээрээ онцлогтой. Тиймээс үйл ажиллагааны хөтөлбөрийг өргөн барихын өмнө хамтарсан ЗГ-ын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд УИХ-д суудалтай 3 намын дарга нар гарын үсэг зурсан. Тус гэрээнд намуудын нийтлэг зорилтыг тусгасан ба үүнд,
🏦 МАН:-Нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтууд,
📈 АН: Хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн ЭЗ, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, ЭЗ-ийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд,
👩🎓 ХҮН: Эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг багтаасан байна.
Сонирхуулахад, энэ оны төсөвт тодотгол хийж буй гол үндэслэл нь шинэ ЗГ-ын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгаж байгаа мега төслүүдийн ажлыг шууд эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд чиглэж буй гэнэ. Тухайлбал, Зэс боловсруулах цогцолбор, Үндэсний хиймэл дагуул зэрэг 15 мега төслийг хэрэгжүүлснээр ЭЗ-ийн өсөлтийг 5%-6% ба түүнээс дээш хувьд, инфляцыг 1 оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ.
⚖️ Өмнөх жилүүдийн хэрэгжилт
Харин ЗГ-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг авч үзвэл цар тахлаас үүдэлтэй нийгэм, ЭЗ-ийн хүндрэлийг даван туулах, ногоон хөгжлийн, засаглалын бодлого зэрэг 6 чиглэлийн 1,087 арга хэмжээг тусгаж байсан ба хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5%-тай байна гэж дүгнэсэн аж.
Эцэст нь… Харж байгаачлан өмнөх ЗГ хөтөлбөрөө батлуулсан даруйдаа бараг жилийн дотор талаас илүү хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Харин бодит байдал дээр хэрэгжилт нь хэр байсныг уншигч та өөрөө бас дэнсэлнэ биз ээ. Цаашлаад ирэх жилүүдэд шинэ ЗГ-ын бодлого хэр хэрэгжилттэй, бодитой байхыг харах л үлдлээ.