Хагас жилийн тайлангийн цуваа шувтарч, сар гарангын хугацаанд бид шаардлагатай гэсэн бүх компани дээрээ "ашиг, орлого, өслөө, буурлаа" гэх зэргээр тоймлон хүргэсэн билээ. Одоо харин эм үйлдвэрлэгчдийн II улирлын шинжилгээ рүүгээ орцгооё.
⛈️☀️ Солонгорол
II улирал дийлэнх эм үйлдвэрлэгчдийн хувьд нар гарсан үр дүнтэй байсан ч титануудын хувьд аадар бороотой байв. Тодруулбал, дэлхийн хамгийн том эм, бэлдмэл үйлдвэрлэгч компани болох Pfizer (PFE)-н ашиг өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үеэс 98% буурч $41 саяд хүрсэн бол орлого нь бага зэрэг буюу 2% өсөж $13.3 тэрбумд хүрээд буй. Үргэлжлүүлэн Johnson & Johnson (JNJ)-н ашиг ч 12.3% буурч $4.6 тэрбумд хүрчээ. Харин орлого нь 4.3% өсөж $22.4 тэрбумд хүрэв.
Тураах тарианы ачаар: Цаашлаад биеийн жин бууруулах тариа болох Zepbound-г үйлдвэрлэгч Eli Lily (LLY)-н орлого 36% өсөж $11.3 тэрбум, ашиг нь 68% өсөж $2.9 тэрбумд тус тус хүрсэн юм. Тэдэнтэй нэг зэх зээлд өрсөлдөж буй Ozempic, Wegovy-г үйлдвэрлэгч Novo Nordsik (NVO) ч тус хугацаанд $2.9 тэрбумын ашиг, $9.8 тэрбумын орлоготой ажилласан байдаг.
📏 Нарийн өрсөлдөөн
Харж байгаачлан цар тахлын үед од болж байсан вакцин үйлдвэрлэгчид маань II улирлыг улаан үзүүлэлттэй үдсэн бол нөгөө талд нь эмийн зах зээлд ид гялалзаж буй биеийн жин бууруулах тарианы ачаар Eli Lily, Novo Nordsik нарын ашиг, орлого хөөрхөн өсөөд авав. Novo Nordsik-н Wegovy-н борлуулалт 53% өссөн хэдий ч энэ нь төлөвлөгөөндөө хүрч чадаагүй тул компанийн хувьцааны үнэ нь шууд 7% унаад авсан.
👂 Зах зээлээс нь сонордуулахад, биеийн жин бууруулах тарианы зах зээлд Novo Nordsik-н Wegovy 69%-ийг, чихрийн шижингийн Ozempic 46%-ийг эзэлж буй.
Эцэст нь… Эм үйлдвэрлэлийн салбар бол дэлхийд технологийнхны дараа орох ашиг, орлоготой салбар. Автомашин үйлдвэрлэгчдийн дунд цахилгаан автомашин (EV)-н төлөө ширүүхэн өрсөлддөг шиг эм, бэлдмэл үйлдвэрлэгчид ч тураах болон чихрийн шижингийн тарианы төлөө ширүүхэн өрсөлдсөөр…