АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Европ сэргээгдэх эрчим хүч рүү чиглэв

 

Энэ оны эхний хагас жилд Европын Холбооны 13 орон нүүрс, хийнээс илүүтэй нар, салхины эрчим хүчнээс цахилгааны эх үүсвэрээ хуримтлуулжээ

Судалгаа: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тинктанк Ember-с тус судалгааг хийжээ.

⬇️ 17% буурав

Европын Холбооны орнуудын эрчим хүчний 30%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилгын хүрээнд чулуужсан түлшнээс илүүтэй салхин турбин, нарны хавтанг ашиглах болсон аж. Улмаар нүүрс, газрын тос болон хийн эрчим хүчээр эрчим хүч хуримтлуулах нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17% буураад буй. Улмаар тус хугацаанд цахилгаан станцууд өнгөрсөн оны эхний хагастай харьцуулахад 24% бага нүүрс, 14% бага хий шатаасан байна. 

🧐 Өмнө нь 

Түүхийн туршид Европын орнууд хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ ихээхэн оруулсаар ирсэн хэдий ч ногоон эдийн засгийг хөгжүүлэх том амбицтай зорилтуудыг ч мөн дэвшүүлсэн. Харин Орос Украйны геополитикийн асуудал хурцадсанаас улбаалж Европын орнуудын төрийн тэргүүнүүд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих шилжилтээ амаараа бол их л хурдасгаж байгаа аж. 

☀️ + 🌬️: Нарны цахилгаан станцууд эрчимтэй нэмэгдэж буй хэдий ч салхины эрчим хүчний салбарын хувьд инфляц өндөр байгаагаас үүдэж асуудалтай тулгараад буй. Тодруулбал, Европын Холбоо 2023 онд шинээр 16.2 ГВт салхины эрчим хүчний технологийг суурилуулж түүхэн дээд амжилт тогтоосон боловч энэ нь тухайн жилд суурилуулах шаардлагатай байсан хүчин чадлын дөнгөж тал орчим хувь нь байжээ.

🆙 Ахицтай: Европын орнууд дундаа Герман, Бельги, Унгар, Нидерланд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд анх удаа том ахиц гаргасан аж. 

🇲🇳 Харин Монгол

Монголын Говийн бүс нутаг жилдээ 260 гаруй өдөр цэлмэг, байнгын нартай, мөн хүчтэй салхины урсгал ихтэй байдгаас үүдэн дэлхийд нар, салхинаас эрчим хүч гаргаж авах боломж хамгийн ихтэй газруудын 1 хэмээн тогтоогджээ. Тиймээс манай улс нийт эрчим хүчний 30% хүртэлх хувийг нар, салхины эрчим хүчнээс гарган авах зорилт тавьсан ба өнгөрсөн оны байдлаар цахилгаан, эрчим хүчний 20%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.

Эцэст нь… Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихээхэн мэдрэгдэх болж улс орнууд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд их бага гэлтгүй л анхаарч байна. Харин манай улс сэргээгдэх эрчим хүчний салбараа зөв бодлогоор хөгжүүлж чадвал эх дэлхийд төдийгүй эдийн засагт маань ч ээлтэй юм даа.