АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Өмнөд Хятадын тэнгисийн төлөөх өрсөлдөөн

 

Хятад болон Америкийн өмнөд Хятадын тэнгисийн төлөөх өрсөлдөөн ширүүсэх нь дээ. Их гүрнүүдийн хагаралдаж, мөргөлдөх шалтгаан болсоор ирсэн гэхээр нэлээн чухал тэнгис бололтой дог шүү. 

🔫 Усан зам

Өмнөд Хятадын тэнгис дээр давуу байдал олох гэж Хятад, Америк л шөргөөцөлдөөд байдаг юм шиг харагддаг ч яг үнэндээ тус тэнгистэй хиллэдэг Зүүн өмнөд Азийн орнууд болох Бруней, Малайз, Индонез, Филиппин, Вьетнам зэрэг орнуудыг хамарсан асуудал. Цаашлаад тус тэнгис бол Тайваниас дутуугүй Хятад, Америкийн ашиг сонирхол давхацдаг бүс тул “Үхэртийн хөндий манайх, танайх” гэсэн маргаан тасардаггүй. 

🪢 Учиг: Учир нь Өмнөд Хятадын тэнгисээр жилдээ дэлхийн нийт худалдааны 25% буюу $5 их наядын тээвэрлэлт, нефть, шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн гуравны нэгээс хагас нь дамждаг. 

🙈 Буулт хийхийн аргагүй: Чухал худалдааны зам болохын сацуу Вьетнамын эрэг орчимд шууд олборлох боломжтой 10 орчим тэрбум тн газрын тос, 1 их наяд шоо м байгалийн хийн нөөц байгаа гээд батлагдчихсан. Ийм ч болохоор Хятад хүч түрэн тус тэнгисийн 80%-ийг нь өөрийн хэмээн тунхаглаж 2013 оноос хойш худалдааны зам гэхээсээ илүүтэй усан цэргийн замаа ч өргөтгөж байгаа

👀 Үндэсний аюулгүй байдал

Тус тэнгисийг мэдэлдээ авсан улсыг Азийн дараагийн зууныг удирдана ч гэж яригддаг. Цаашлаад Хятад тус тэнгист Америкийн эх газрыг бүхэлд нь онилох чадвартай цөмийн пуужингаар тоноглогдсон цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцнуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа. Эдгээр шумбагч Өмнөд Хятадын тэнгист чөлөөтэй явж, Номхон далай руу орох вий гэхээс Америк ихээхэн болгоомжилдог. 

Эцэст нь… Хятадын Өмнөд Хятадын тэнгис дэх түрэмгийллийг сааруулах ганц боломжит арга бол АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хамтын ажиллагаа. Америк түнш улсуудынхаа эрхийг хамгаалахын тулд л тус бүсийн маргаанд оролцдог мэт харагдах ч үүний цаана тэдний аюулгүй байдал хөндөгдөх учраас л байнгын оролцоотой байдаг хэрэг. Ахиад л нэг сургамж гэдэг шиг их гүрний ашиг сонирхол эн тэргүүнд. Харин тэдний ашиг сонирхол бусад жижиг улсынхтай давхцаж байгаа эсэхээс жижиг улсуудын ирээдүй шийдэгдсэн олон түүх бий дээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ