Өчигдөр унтаад л сэрсэн чинь индексүүд улаанаараа эргэлдчихсэн, хөрөнгийн зах зээлээс $1.9 их наяд арчигдчихсан мэдээтэй өглөөг угтлаа даа. Зах зээл улаарахад юу нөлөөлөв? Цаашид юу болох гээд байна?
🗓️ Эдийн засгийн календарь
Хөрөнгийн зах зээлийн гэнэтийн уналтыг шинжихийн тулд өнгөрсөн 7 хоногт эдийн засгийн ямар^2 шийдвэр гарсныг эргэн нэг санацгаая. Өнгөрсөн Лхагва гарагт ХНС бодлогын хүүг 5.25%-5.5%-д хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Гол нь түүний араас буюу Баасан гарагт Америкийн ажилгүйдлийн түвшин 4.3% буюу Ковидын жил болох 2021 оны түвшинтэй ойролцоо гарсан юм. Үүний араас S&P 500 (^GSPC) 1.8%, Nasdaq (^IXIC) 2.4% тус тус унасан байдаг. Улмаар индексүүдийн уналт арилжаа хаагдсаны дараа ч үргэлжилсээр Даваа гарагт 3%, 3.4% тус тус унаад буй.
🧐 Хонь, ямаагаар нь ялгаадахъя: Үүн дундаа технологийнхны хувьцааны үнэ нэлээн унасан буюу гайхамшигт 7 гэгддэг технологийн акулуудын зах зээлийн үнэлгээ нийлбэр дүнгээрээ $2.3 саяар буураад авсан. Түүнчлэн чипийн зах зээлийн од Nvidia (NVDA)-н хувьцааны үнэ ч 6% унаж $100-т хүрээд буй. Тус компаниудын II улирлын тайлан дажгүй гарч тайлангийн араас хувьцааны үнэ нь овоо өсөж байсан ч Даваа гаргийн шуурганд арчуулав аа гэж.
📈 Сэргэлт: Харин 1 өдрийн дотор 12% унаж уналтын түүхэн амжилтаа эвдсэн Nikkei индекс (^N225) арилжаа хаагдсаны дараа 10% өссөн бол ид шуурганы үеэр 10% унасан Биткойны үнэ эргэн 4% өсөөд байна.
Даамжрал: Цаашлаад Даваа гаргийн шуурга даамжирсаар Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ 3.8%, мөнгө 7% унасан бол 3 хоног дараалан унаад байсан газрын тосны үнэ харьцангуй сэргэж WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 0.34% өсөж $73, брент төрлийнх 0.25% өсөж $76 болов.
😱 Хөрөнгө оруулагчдын айдас ба хямрал
ХНС бодлогын хүүг 23 жилийн түүхэн өндөр түвшинд хадгалсаар гэтэл зэрэгцээд ажилгүйдэл гаарч байгаа нь хөрөнгө оруулагчдад ахин нэг эдийн засгийн хямрал ирж байна уу даа, гэх айдсыг төрүүлж орхисон. Хөрөнгийн зах зээл тэр чигтээ хөрөнгө оруулагчдын сэтгэлзүйгээр хөдөлж байдаг тул тэдний айдас Даваа гаргийн уналтад хөтөлсөн гэлтэй.
🔜 Цаашид
Юутай ч хөрөнгийн зах зээлийн улаан шуурганы дараагаас ХНС энэ 7 хоногт хуралдах магадлалтай байгаа. Улмаар 9-р сараас наашгүй байсан олны хүсэмжит бодлогын хүүгийн шийдвэрийг ойрын хугацаанд гаргах ч магадлалтай юм. Даваа гаргийн үйл явдал нэг талдаа ХНС бодлогын хүүг хэт удаан өндөр түвшинд барьсны хариу үйлдэл болох шиг. Ямартай ч ойрын өдрүүдэд ХНС ямар шийдвэр гаргахыг хүлээж л сууя даа.
NEWSLETTER
Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад
Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.
Илгээх