Xanadu Mines (XAM.AX)-н Өмнөговь аймаг дахь Хармагтайн зэс-алтны төслийг ил уурхай болгон хөгжүүлэх гэнэ. Гэснээс Монголд хэрэгжих гэж буй уул уурхайн бусад төслүүд маань хэр явцтай явж байна. Эргэж тойрох уу даа?
⛏️ Хармагтай: Ингэхдээ ил уурхайг эхний 5 жилд 0.9:1-ийн харьцаатай, дараа нь буюу уурхайн ашиглалтын 30 жилийн хугацаанд бага зэрэг өргөсгөж 1.1:1-ийн харьцаатай ашиглахаар төлөвлөж буй.
💛 Алтны төслүүдийн эргэн тойронд
2021 оны тооцооллоор бол Хармагтай төсөл нь 0.23% зэс, тн тутамд 0.22 гр алтны агуулга бүхий 1.1 тэрбум тн нөөцтэй. Хармагтайн төсөл нь I зэрэглэлийн зэс-алтны орд бөгөөд жилд дунджаар 50,000 тн зэс, 110,000 унц алт олборлох тооцоолол гараад буй.
⏭️ 2 дахь Оюутолгой 👉 Тус төслийг 2 үе шаттай хэрэгжүүлж, цаашлаад гүний уурхай болгон өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ оны гол ажил болох төслийн ТЭЗҮ-г энэ III улиралд дуусгаж, хөрөнгө оруулалтыг мөн энэ онд эцэслэх төлөвтэй байгаа. Улмаар 2027 оны эцэс гэхэд анхны олборлолтоо хийж эхлэх юм.
Алтны өөр нэгэн төсөл бол Erdene Resource Development (ERD.TO)-н Баянхөндий алтны төсөл. Компанийн зүгээс оны эхэнд төслийн уурхайн бүтээн байгуулалтын ажил 12%-тай явж байгааг мэдээлсэн бөгөөд 2025 оноос олборлолтоо эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Баянхөндийн орд нь 513 мянган унц алттай батлагдсан болон магадалсан нөөцтэй бөгөөд олборлолтоо эхлүүлбэл Монголбанкны томоохон алт нийлүүлэгч болох хүлээлттэй байгаа аж.
🔎 Нүүрсний давхаргын метан хийн төсөл
Цаашлаад, өнгөрсөн 6-р сард БОАЖЯ-наас TMK Energy (TMK.AX)-н нүүрсний давхаргын метан хий буюу байгалийн хийн төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг баталгаажуулсан. Ингэснээр тэд 2029 он хүртэл тус талбайд өрөмдлөг, үнэлгээний үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй болоод буй.
👍 Туршилт: Тус төслийн хувьд 2023 оныг “Lucky-fox-1” цооногоос анхны хий гарч гадарга дээр 3 цагийн турш шатсан амжилттай үдсэн. Харин энэ оны 8-р сараас эхлээд нэмэлт олборлолтын цооног өрөмдлөгийг эхлүүлэх төлөвтэй байгаа гэсэн шүү.
Эцэст нь… Сүүлийн жилүүдэд уран, газрын ховор элемент (ГХЭ)-ийн эрэлт дэлхий даяар эрчтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор Монголд айлчилж буй төрийн дээд албан тушаалтнууд тус чиглэлд “Ярих яриатай даа хө!” гэсээр ирэх болсон. ГХЭ-ийн чиглэлд Ховд аймагт Халзан бүргэтэй төсөл хэрэгжиж байгаа бол Зөөвч овоогийн ураны төслийн уурхайн шав тавих ажил энэ онд хийгдэж, 2028 оноос олборлож эхлэх төлөвтэй байгаа. Одоогоор уурхайн шав тавих асуудал нам гүмхэн л байна.