Японы Ерөнхий сайд Фүмио Кишида энэ сарын 9-12-ны хооронд Казахстан, Узбекистан, Монголд айлчлахаар төлөвлөжээ. Хэрэг зориг юунд вэ?
🤔 Хүлээлт
Японы хувьд байгалийн баялаг арвинтай Төв Азийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж, хөрш Орос, Хятадаас хамаарах хамаарлыг нь багасгахыг зорьж буй. Тиймээс эдгээр орнуудад худалдааны логистикийг хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг тусламж үзүүлэхээр төлөвлөж буй.
📢 Тус төлөвлөгөөгөө Япон Төв Азийн 5 улстай 8-р сарын сүүлээр зохион байгуулах дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулах юм.
✈️ Монголд анх удаа
Фүмио Кишидагийн энэ удаагийн айлчлал нь 2021 онд Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Төв Азийн орнуудад, мөн Монголд анх удаа хийж буй айлчлал гэдгээрээ онцлогтой.
🕊️ Энхийг сахиулагч: Энэ хүрээнд түүний Монгол дахь айлчлал нь нэг талаараа Монголоор дамжуулан Хойд Солонгостой хийх яриа хэлэлцээгээ урагшлуулах зорилготой. Гэвч энэ оны 6-р сард болсон “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд Хойд Солонгосын төлөөлөгчид оролцоогүй. Ямартай ч уг асуудал цаашид хэрхэн шийдэгдэх нь хүлээлт үүсгэсэн хэвээр үлдлээ.
💁♂️ Үргэлж дэмжинэ
Сонирхуулахад, 2 орон дипломат харилцаа тогтоосноос хойш 52 жилийг ардаа үдэж буй бөгөөд Монгол Японыг гуравдагч хөршөө гэж үздэг.
⚖️ Тэнцвэргүй тоо: 2022 онд 2 орны худалдааны эргэлт $689 саяд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт юм. Гэхдээ тус онд Монголоос Япон руу $378 саяын экспорт хийсний дийлэнх нь автомашин байсан бол Монголоос Япон руу $33.9 саяын экспорт хийсний ихэнх нь сүлжмэл бүтээгдэхүүн, хээрийн жонш зэрэг байв. Мөн 2022 оны байдлаар Японоос $75 саяын хөрөнгө оруулалтыг Монголд хийсэн нь уул уурхайн бус салбарт төвлөрч буйгаараа онцлог аж.
🎎 Хамгийн их үүрэгтэй: Өнгөрсөн хугацаанд Японы ЗГ-аас ¥328 тэрбумтай тэнцэх хэмжээний хөгжлийн албан ёсны тусламжийг Монголд үзүүлжээ. Тэр дундаа Монголын 5,200 орчим боловсон хүчнийг бэлтгэхэд JICA чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Ер нь л JICA-н төслийн үр шимийг хүртээгүй салбар гэж бараг үгүй дээ.
Эцэст нь… Ямартай ч Японы Ерөнхий сайдын айлчлалаар ямар яриа хэлэлцээ хийгдэж, ямар төсөл хөтөлбөрүүд урагшлах нь вэ гэдгийг хүлээх л үлдлээ. Нөгөөтээгүүр Монгол үйлдвэрлэгч орон болох тал дээрээ илүү анхаарвал аль ч оронтой тэнцвэртэй худалдаа хийдэг болоход хэрэгтэй юм даа.