Өнгөрсөн оны сүүлээр МОСТ Финтек (MOST), Инновэйшн Инвестмент (QPAY), энэ онд Эм Жи Эл Акуа (MGLA) IPO хийж нийтдээ ₮29.4 тэрбумыг босгосон. Тэгвэл эдгээр компаниудын энэ оны эхний хагас жил хэр өнгөрснийг харцгаая.
🤑 Юутай ч ашигтай
Уг 3 компани бүгд ашигтай ажилласан байна. Тодруулбал, өнгөрсөн 5-р сард IPO хийсэн Эм Жи Эл Акуа ХК (MGLA) II улиралд ₮1.2 тэрбумын ашигтай ажиллажээ. Учир нь борлуулалтын орлого нь ₮11 тэрбумд хүрээд буй. Улмаар цэвэр ашгийн хувь нь 10.9%-д хүрсэн хэрэг. Харин МОСТ Финтек болон Инновэйшн Инвестментийн цэвэр ашгийн хувь Эм Жи Эл Акуа ХК-ийнхаас харьцангуй өндөр буюу 40%-48.6% байна. Гэхдээ,
Нарийн үзүүлэлт = 🅾️: МОСТ Финтек болон Эм Жи Эл Акуа ХК-ийн эздийн өмчийн өгөөж (ROE) харьцангуй бага байна. ROE бага байна гэдэг нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн ашигт ажиллагаа муу байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ 2 компанийн ROE нь 2.5%-3% байгаа юм.
📉 Хөрөнгийн зах зээл дээр юу болов?
Дээрх 3 компанийн P/B харьцааг харвал, МОСТ Финтекийнх 1-ээс бага байгаа бол Инновэйшн инвестментийнх 2.3 руу ороодохжээ. Түүнчлэн тус 3 компанийн хувьцааны үнэ бүгд IPO-н үнээсээ унасан байна. Тодруулбал, Инновэйшн инвестментийн хувьцааны үнэ өчигдөр ₮220.79 дээр хаагдсан нь IPO-н үнээсээ 1.9% доогуур дүн юм. Харин МОСТ Финтекийн хувьд бол хувьцааны үнэ нь 52 долоо хоногийн доод үнэ буюу ₮19 болсноор IPO үнээсээ 56.8% унаад байна.
Уг нь бол МОСТ Финтек өнгөрсөн 7 хоногийн Мягмар гарагт хувьцаагаа халааслах тогтоол гаргаж нийт хувьцааныхаа 1.4%-ийг сүүлийн 30 хоногийн арилжааны жигнэсэн дундаж буюу ₮39.6-өөр эргүүлэн худалдан авсан. Гэхдээ хувьцааны үнийг өсгөхөд тийм ч их нөлөө үзүүлсэнгүй бололтой.
📈 Ер нь ямар трэнд үүсээд байна вэ?
Сүүлийн үед IPO хийсэн компаниудаас тоотой хэдийнх нь л хувьцааны үнэ өсөж, жижиг хөрөнгө оруулагчид нь ч нэмэгдсэн. Харин дийлэнхийнх нь хувьд бол ашиг, орлого нь нэмэгдсэн ч хувьцааны үнэ нь унаж байна. Тэгэхээр бүх нээлттэй компаниуд хөрөнгө оруулагчидтайгаа харилцах харилцаа дээрээ анхаарах, мэдээллээ цаг үед нь түргэн хүргэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Угаас хөрөнгийн зах зээл хөгжөөд удаагүй байгаа манайх шиг улсын хувьд энэ бол №1 асуудал.