МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй [ MSE:TAH ] Тахь-ко ХК-ийн хувьцааны 46.81%-ийг эзэмшдэг Л.Буянбат нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг ирэх сарын 22-ны 10 цагт хуралдуулахаар зарласан байна.
КТХ-нд тухайн компанийн 10% буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах эрхтэй байдаг тул ийнхүү шийдвэр гаргажээ.
Тэрээр уг хурлаар ТУЗ-ийн гишүүдийг сонгох болон тэдгээрийн цалин урамшууллын хэмжээг батлах асуудлыг хэлэлцүүлэх аж.
Л.Буянбатын хувьд [ MSE:TAH ] Тахь-ко ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг, сарын 8.0 сая төгрөгийн цалинтай. Тодруулбал, энэ оны 4 сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн даргын цалинг 8 сая төгрөгөөр, хараат бус гишүүдийн цалинг 1.2 сая төгрөгөөр, ердийн гишүүдийн цалинг 1.0 сая төгрөгөөр баталж байсан.
Харин ТУЗ-ийн урамшуулалд компанийн 2023 оны нийт борлуулалтын орлогын 2%-ийг олгохоор болсон юм.
Нэмж дурьдахад компани 2022 оны ашгаас нэгж хувьцаандаа 108₮ буюу нийт 128.5 сая төгрөгийн ногдол ашиг олгож байв.
Компанийн санхүүгийн болон хувьцааны талаарх дэлгэрэнгүй үзүүлэлтийг энд дарж үзнэ үү