АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Америкийн ТНБД  Энтони Блинкений айлчлалаас хүлээгдэж буй үр дүн

 

Америкийн Төрийн нарийн бичгийн дарга (ТНБД) Энтони Блинкений Азийн 6 орноор хийх 10 хоногийн айлчлалын цуваа ирэх Пүрэв гарагт Монголд айлчилснаар өндөрлөх гэж байна

📜 37 жилд 5 ТНБД

Энэ нь түүний Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудад хийж байгаа 18 дахь удаагийн айлчлал бөгөөд 7 сарын 25-наас эхэлж 8 сарын 3-нд дуусаж буй. Улмаар Энтони Блинкен Америк, Монголын дипломат харилцаа тогтоосон 37 жилийн хугацаанд Монголд айлчлал хийсэн 6 дахь ТНБД болж байна. 2020 онд ТНБД Майк Помпео Монголд айлчлахаа мэдэгдэж байсан ч Ерөнхийлөгч асан Дональд Трамп Ковид-19-ийн халдвараар эмнэлэгт хэвтсэн тул Өмнөд Солонгос болон Монголыг албан айлчлалаасаа хасаж байсан билээ

🤌 Айлчлалаас хүлээгдэж буй үр дүн: Өнгөрсөн 7 хоногт Гадаад хэргийн сайд Америкт айлчлах үеэрээ Монгол болон Америкийн анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ хийж хамтарсан мэдэгдэл гаргасан. Түүний Монгол дахь айлчлалаар тус яриа хэлэлцээрийг биежүүлэх хамтын ажиллагааны санамж бичгүүдийг үзэглэх хүлээлттэй байгаа. 

◀️ Жилийн дотор юу өөрчлөгдөв? 

Өнгөрсөн жилийн өдийд Ерөнхий сайд Америкт айлчилж одоогийн Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх гэж буй Камала Харристай уулзаж байв. Тус үеэр 2 орон сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр логистикийн салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлж буйгаа мэдэгдэж байсан. 

🎠  Жил тойроход: Тэгвэл тус уулзалтаас хойш 1 жилийн хугацаанд, МИАТ ТӨХК Америк руу шууд нислэг үйлдэх 2 онгоцоо хүлээн авсан, Google (GOOG) болон ЦХХХЯ-ны хамтын ажиллагаа эрчтэй өргөжсөн, технологийн хэд маань ч өнгөрсөн 2-р сард Америкт айлчилж 8 компани Цахиурын хөндийд оффистой болсон зэрэг олон үйл явдлууд болж өнгөрсөн байна. 

🌌 Цаашлаад, 2 орны сансрын уудам дахь хамтын ажиллагаа ч бодит ажил болж 2027 он гэхэд Монгол, Франц, Америк хамтран Монголын хиймэл дагуулыг сансарт хөөргөхөөр болсон

Эцэст нь… Америк, Монголын харилцаа шинээр тодорхойлсон салбаруудад эрчтэй өргөжиж байгаа. Гэснээс өнгөрсөн жил Монголын ноолууран бүтээгдэхүүнийг Америкт татваргүй нийлүүлэх “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг 4 дэх удаагаа Конгрессын Төлөөлөгчдийн танхимд өргөн бариад ахиад л уначихсан. Тус хуулийн төсөл дэмжигдвэл Монголын гуравдагч хөрштэйгөө хийх худалдаанд асар их ахиц гарах нь дамжиггүй юм сан.

ШУУД ДАМЖУУЛАЛТ