Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Олимпын эргэн тойронд

 

Долоон тивийн анхаарлын төвд буй олимпын наадмын гал гарсан тоглолтууд үргэлжилсээр. Улсынхаа тамирчдыг даган баярлаж, гуниглаж, бахархаж, харамсаж буй эдгээр өдрүүдэд олимпын наадмын эргэн тойронд юу болж буйг тоймлоё. 

🏅 Өнгө ээлжилсээр

Олимпын наадмын 2 дахь өдрийн байдлаар Япон 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл буюу нийт 7 медаль авч медалийн чанараар тэргүүлж буй бол Австрали 4 алт, 2 мөнгөн медаль авснаар удаалж буй. Цаашилбал, олимпыг зохион байгуулагч Франц 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл буюу 8 медаль авснаар 4-р байрт жагсаж буй бол Монгол 1 мөнгөн медаль авснаар Косово, Фижи, Польш, Тунистай адил 16-р байранд эрэмбэлэгдэж байна. 

🤩 Медаль авахад юу болдог вэ? 

Гэснээс олимпын наадмаас медаль хүртсэн тамирчид мөнгөн шагнал, медаль, алдар хүндийг хүртэхийн зэрэгцээ зарим орны ЗГ, эсвэл Олимпын хороо нь тамирчдынхаа хөдөлмөрийг үнэлэн шагнаж урамшуулдаг. Жишээлбэл, 

💰 Под хийтэл урамшуулдаг орнууд: Хонконг алтан медаль хүртсэн тамирчдаа $768 мянгаар, мөнгөн медальт тамирчдаа $380 мянгаар урамшуулах болсноор бусад орныг тэргүүлж байна. Удаах байруудад орсон Израил $275 мянгыг, Серби $218 мянгыг, Малайз $214 мянгыг урамшуулал болгож олгох гэнэ. Харин бийлэгжүү Америк алтан медальт тамирчдаа $37,500-оор урамшуулдаг аж. 

🇲🇳 Монголын хувьд: ЗГ-ын 2014 онд батлагдсан тогтоолын дагуу олимпоос алтан медаль хүртсэн тамирчдад ₮120 сая, мөнгөн медальтанд ₮60 сая, хүрэл медальтанд ₮30 саяыг, дасгалжуулагчдад энэхүү шагналын 50%-тай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор шийдвэрлэжээ. Нэмээд алтан медаль хүртсэн тамирчинд насан туршид нь сар бүр ₮4 сая, мөнгөн медальтанд ₮3 сая, хүрэл медальтанд ₮2 саяын урамшууллыг тус тус олгож буй. 

💁‍♀️ Сонирхуулахад, Малайз, Болгар зэрэг орнууд ч алтан медаль хүртсэн тамирчдадаа насан туршид нь сар бүр $1,000-ын урамшуулал олгодог бол Чили, Косово, Литвагийн хувьд үүнтэй тэнцүү хэмжээний урамшууллыг 4 жилийн хугацаанд олгодог гэнэ.

🏳️ Түрүүлээд дэмжчихсэн: Нөгөөтээгүүр Норвег, Исланд, Швед зэрэг орон мөнгөн урамшуулал олгодоггүй ч тамирчдадаа олимпын өмнө бэлтгэл сургуулилтад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлдэг аж.

🤝 Ивээн тэтгэнэ

Сонирхуулахад, Парисын Олимпын наадмыг 130 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад шууд дамжуулах эрхийг олгож €750 саяын орлого олжээ. Энэ удаагийн олимпын наадмыг Монголд албан ёсны эрхтэйгээр Central TV болон Premier Sports Network хамтран шууд дамжуулж буй бөгөөд М банк, Неткапитал Санхүүгийн Групп, Энержи Ресурс, PC Mall, Unitel, MCS Coca-Cola, Toyota Top Motors зэрэг компаниуд ивээн тэтгэж хамтран ажиллаж байгаа аж. 

Эцэст нь… Олимпын наадам эхлээд хэдхэн хонож буй хэдий ч үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн тоглолтууд ар араасаа өрнөсөөр байна. Ямартай ч баг, тамирчдаа амжилтаа ахиулахыг нь дэмжин хүлээж дээлийн захыг нь мушгих л үлдлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ