Хүнсний салбарын компанид хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс байна уу? Манай хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП-20 компанийн 30% нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн компаниуд байдаг. Тэгвэл тэд энэ оны эхний хагас жилд хэр сайн ажиллав?
📈 Ногоон = 3, Улаан = 1
Бид өмнө нь ТОП-20 компани болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг Премиум Нэксус ХК (CUMN)-н хагас жилийн тоймыг хүргэсэн. Тэгвэл энэ удаад АПУ (APU), Сүү (SUU), Монос Хүнс (MFC) болон Газар Шим Үйлдвэр (GAZR)-ийн хагас жилийн үр дүнг харвал, нийт ₮126.6 тэрбумын ашигтай ажиллажээ. Уг компаниудын цэвэр ашиг дунджаар 23.5% өссөн хэрэг.
🟢 3 ногоон гэдэг нь цэвэр ашиг нь өссөн 3 компанийг хэлж буй. Тэр дундаа АПУ-гийн цэвэр ашиг хамгийн ихээр буюу 50.5% нэмэгдэж ₮107.9 тэрбумд хүрсэн. Учир нь тэдний бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж орлого нь өсжээ. Түүнчлэн Сүү ХК-ийн нийт хөрөнгө болон борлуулалтын орлого хамгийн өндөр байгаа юм. Газар Шим Үйлдвэрийн үзүүлэлт ч тун дажгүй.
🔴 1 улаан: Эсрэгээрээ Монос Хүнсний хувьд борлуулалтын цэвэр орлого нь 6.3% нэмэгдсэн ч борлуулалт, маркетингийн зардал, санхүүгийн зардал нь өссөнөөр цэвэр ашиг нь 28.6% буурч ₮1.4 тэрбум болсон аж.
🥚 TUM: Харуулдан^2 сууна даа: Харин ТОП-20 дахь хүнсний акулуудын 1 Түмэн Шувуут (TUM) хагас жилийн үйл ажиллагааны маягтаа бөглөсөн ч санхүүгийн тайлан нь хараахан гараагүй байна. Бид олон нийтэд нээлттэй болсон даруйд хүргэе дээ.
🪑 Хөрөнгийн зах зээл дээр…
Өнгөрсөн Баасан гаргийн байдлаар, ТОП-20 дахь хүнсний акулууд уг багцын нийт зах зээлийн үнэлгээний 17.3%-ийг бүрдүүлж буй. Харин хувьцааны үнийн хөдөлгөөний хувьд уг 6 акулын хувьцааны үнэ энэ оны эхний хагаст дунджаар 2.4% өссөн хэдий ч үүнд зөвхөн Премиум Нэксус болон Сүү ХК-ийн хувьцааны үнийн өсөлт нөлөөлжээ. Харин хөрөнгө оруулагчдын хувьд,
🤤 Хүнснийхэнд дуртай: Энэ оны хагас жилийн байдлаар ТОП-20 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн 37.3% нь буюу 84.6 мянга нь хүнсний салбарын компаниудын хувьцааг эзэмшиж буй. Түүнчлэн энэ оны эхний хагаст ТОП-20 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нийт 26 мянгаар нэмэгдсэний 61.8% нь хүнсний салбарын компаниудад хөрөнгө оруулсан аж.
Эцэст нь… Хүнсний хэдээр маань иймэрхүү сонин хачин байна. Яг шингэн хүнс, өдөр тутмын хүнс үйлдвэрлэгчдийн ашиг нэлээд өсөөдөхжээ. Хөрөнгө оруулагчид ч тэдэн рүү хошуурч байна. Одоо хөрөнгө оруулагч бидэнд дахиад барилга, ХАА, уул уурхай, эрүүл мэнд гээд ХЗЗ-д цөөхүүлээ байгаа бусад салбарын акулуудын IPO хэрэгтэй байна даа.