АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Хиймэл оюуны хэрэглээ анагаахын салбарт

 

Өдгөө хиймэл оюун ухаан (AI)-г ашиглаагүй салбар гэж бараг л алга. Эрүүл мэндийн салбарт л гэхэд AI-г өвчнийг оношлох, мэс засал хийх, эм бүтээхэд ашигладаг болсон гээд дурдахад багагүй амжилт гарчээ. 

Судалгаа: McKinsey & Company-н 2024 оны I улиралд Америкийн эрүүл мэндийн 100 байгууллагын удирдлагуудыг хамруулан хийсэн судалгаагаар оролцогчдын 70% гаруй нь AI-г эмчилгээ үйлчилгээндээ туршиж байгаа, мөн аль хэдийн нэвтрүүлсэн гэж хариулжээ. Харин судалгаанд оролцогчдын үлдсэн хувь нь AI-г ашиглах эсэхээ харж байж болно гэж хариулсан аж. 

🏥 Туршаад л явж байна даа

Гэхдээ AI-г нэвтрүүлсэн гэж байгаа байгууллагууд дөнгөж анхан шатны туршилт дээрээ л явж байгаа гэнэ. Мэдээж AI-н алгоритмын найдвартай, алдаагүй ажиллагааг хангах, өгөгдлийг сайжруулах, технологийг хөгжүүлэх зэрэг хийх шаардлагатай зүйлс их учир арга ч үгүй биз. 

Эрсдэлгүй 🆚 Эрсдэлтэй: Тус судалгаанд оролцсон AI технологи хөгжүүлэгч, тэднээс үйлчилгээ авагч гээд аль аль талд тулгарч буй хамгийн том сорилт нь гарч болзошгүй эрсдэл аж. Энэ нь технологийн чадамжийг сайжруулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, хууль тогтоомжтой холбоотой тодорхойгүй байдал зэргээс хамааралтай гэнэ. 

Цаашилбал, сорилт болж буй бусад зүйлсийг оролцогчид технологийн чадамж хангалтгүй, өгөгдөл, технологийн дэд бүтэц хүртээмжгүй төдийгүй ач холбогдол нь тодорхойгүй байдал гэж үзжээ. Эдгээр нь эрүүл мэндийн байгууллагууд AI-г ашиглах, хүчин чадлыг нь баталгаажуулахад технологийн хувьд бэлтгэгдээгүй байгааг илтгэж буй аж.

🤝 Хамтраад сайжруулна

Гэвч технологийн болон эрүүл мэндийн байгууллагууд хамтраад асуудлаа шийдэх гэж хичээж буй. Тухайлбал, тэд AI-н бэлэн шийдлүүдийг авч ашиглахаас илүүтэй уян хатан, өөрсдийн үйлчилгээний онцлогт тохируулан хөгжүүлж болох технологийг хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. 

🇲🇳 Харин Монголд

Моод Монголоор дуусдаг гэх үе ард хоцорсныг илтгэж AI-г анагаахын салбарт ашиглах трэнд Монголд хэдийн нэвтэрсэн. Тодруулбал, AI-н тусламжтай хавдрыг илрүүлэх оношилгоо хийх, тархинд цус харвалтыг илрүүлэх зэрэг цөөнгүй оношилгоог хийж байгаа. Бүр Монголын анагаахын хиймэл оюуны холбоо ч гэж байдаг юм билээ.

Эцэст нь… Ямартай ч эрүүл мэндийн салбарт AI-г ашиглах нь эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, өвчнийг цаг алдалгүй оношлох, оношилгооны алдааг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой тул хөгжүүлэлт хийгдээд төгс болох нь цаг хугацааны л асуудал биз ээ.   

ШУУД ДАМЖУУЛАЛТ