АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Танилц: Ард Даатгал ХК-ийн хагас жилийн үзүүлэлт

 

Тайлангууд ар араасаа цуварсаар л байна. Өнөөдөр Ард Даатгал ХК (AIC)-ийн хагас жилийн үзүүлэлт, үр дүнтэй танилцъя. Ашиг, орлого нь юу болов? 

🐫🐫 Өсөлтийн цуваа 

Компанийн нийт хураамжийн орлого энэ оны эхний хагаст 55.9% нэмэгдэж ₮22.2 тэрбумд хүрсэн аж. Түүнчлэн хөрөнгө оруулалтын багц нь 27.3% тэлж ₮30.8 тэрбум болжээ. Гэхдээ ашгийн хувьд, 

🦺 Нөхөн төлбөрийн нөлөө: Компанийн нийт нөхөн төлбөрийн төсөв ₮5.9 тэрбум байсан ч даатгуулагчдад олгосон нийт нөхөн төлбөрийн дүн төсвөөс 67.4%, өмнөх оны мөн үеэс 95.5% өсөж ₮9.9 тэрбум болжээ. Улмаар тэдний цэвэр ашиг 4.8% буурч ₮615 сая болсон хэрэг. 

📈 Өмнөх жилийн трэнд: Тэдний цэвэр ашиг өнгөрсөн оны эхний хагас жилд ₮646 сая байсан бол оны эцэст ₮3.3 тэрбум болсон байдаг. Улмаар тэд цэвэр ашгаасаа ₮750 саяыг ногдол ашиг болгож тараасан буюу оны хаалтын ханшаар бол ногдол ашгийн өгөөж нь 3.4% болсон байна. Тэгэхээр энэ оны эцэст ч тэдний ашиг огцом өсөхийг үгүйсгэхгүй. 

📃 Анхны тайлан: Нэмж дурдахад компани 30 жилийн ойгоо тохиолдуулан Монголын даатгалын салбарт анх удаа Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцуулсан. Уг тайлангаас харахад, даатгуулагчдын тоо өнгөрсөн онд 21.5% нэмэгдэж 243 мянгад хүрснээс гадна цахим даатгалыг эрчимжүүлж цаасны хэрэглээгээ 50% бууруулсан байна билээ. 

🧐 Нарийн үзүүлэлт рүү өнгийе

Тэдний нийт хөрөнгө болон эздийн өмч нэлээд нэмэгдсэн тул эздийн өмчийн өгөөж (ROE) нь 12.4 нэгж хувиар нэмэгдэж 18.9% болсон байна. 

📈 Хөрөнгийн зах зээл дээр яав? Оны эхний хагаст Ард Даатгалын хувьцааны 1.2 сая арилжаа буюу нийт ₮880 саяын арилжаа явагдсанаар хувьцааны үнэ нь 6-р сарын эцэст доод үнээсээ 16% өсөж ₮719 дээр хаагдсан аж. Түүнчлэн P/B харьцаа нь 1, P/E нь 29 байгаа юм. 

Гэснээс, тус компанийн Гүйцэтгэх захирлаар өмнө нь Дэд захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэтулга ажиллаж буй. Оны эцэст ямар үр дүнтэй байхыг, өмнөх оноосоо хэр их өсөлт гаргахыг нь харж байя даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ