АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Олимпыг үзэхээр Францыг 15.3 сая гаруй хүн зорих төлөвтэй байна

 

Зээ, өнөөдөр дэлхийн 206 орны баг тамирчдын өндрөөс өндөр, хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй тоглолтууд Парист албан ёсоор эхэлж байна. Ийнхүү нэгэн зууны дараа олимпын бамбар Парисын цэнгэлдэх хүрээлэнд ахин асаад буй. 

🔜 Ирэх 17 хоногт: 10,600 орчим тамирчин спортын 32 төрлөөр өрсөлдөж, 3,800 цагийн тэмцээний шууд нэвтрүүлэг явагдана

🕺 Парисын Баасан гараг

33 дахь удаагийн зуны олимп Парист болж буйтай холбоотойгоор олимпыг дэргэдээс нь үзэхээр Францыг 15.3 сая гаруй хүн зорих төлөвтэй байна. Цаашлаад Франц энэ удаагийн олимпыг $9.7 тэрбумаар зохион байгуулах урьдчилсан тооцоолол гарсан бол нөгөө талд $11.6 тэрбумын орлого олж 247,000 ажлын байрыг шинээр бий болгох төлөвтэй байгаа аж. Нэгэн сонирхолтой үзүүлэлтийг дурдахад тус $11.6 тэрбумын ойролцоогоор 13%-33% буюу $1.5-$3.5 тэрбум нь гагцхүү аялал жуулчлалаас орж ирэх юм. 

😎 Парис шүү дээ: Гэсэн хэдий ч жилдээ 50 сая жуулчин хүлээн авдаг Парис, 90 сая жуулчин хүлээн авдаг Францын хувьд олимп аялал жуулчлалыг нь үнэхээр өсгөж чадах эсэх нь сонирхолтой. Юутай ч өнгөрсөн жил 98.2 сая жуулчин хүлээн авсанФранц энэ жил тус үзүүлэлтийг 101 саяд хүргэх төсөөлөлтэй байгаа л гэнэ. 

💰 Түүхэн том зардалтай: Олимп зохион байгуулах зардал дунджаар $8 тэрбум байдаг бөгөөд түүхэн гэж хэлэгдэх өндөр зардалтай олимпыг 2 хөрш маань зохион байгуулж байжээ. Тухайлбал, 2014 онд Орос Сочийн өвлийн олимпыг $59.7 тэрбумаар, Хятад 2008 онд Бээжингийн зуны олимпыг $52.7 тэрбумаар тус тус зохион байгуулж байв

🇲🇳: 15 дахь Олимп

Олимп эхлэхээс ч өмнө Монголын баг тамирчдын хувцас дотооддоо хэрүүл уруул дагуулсан бол гадаадын томоохон медианууд “Хамгийн шилдэг” нь гэж цоллосон. Парисын олимпод манай 32 тамирчин 9 төрлөөр оролцох байгаа. Сонирхуулахад, Монгол олимпын медаль хүртсэн тоогоороо 147 орноос 57-рт эрэмбэлэгддэг буюу олимпын 30 медальтай билээ.

Эцэст нь… Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимп ийнхүү эхэлж байна. Монголын баг тамирчид маань өндрөөс өндөр, хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй байх болтугай. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ