АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Премиум Нэксус ХК яаж ₮10.7 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бэ?

 

Энэ оны хагас жилийн байдлаар Премиум Нэксус ХК буюу хуучнаар Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN) ₮10.7 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Яаж ашигтай ажиллав? 

📶 Өсөлт

Энэ оны I улиралд CU-н алдагдал жилийн өмнөхөөсөө ₮9.3 тэрбумаар буурснаар II улиралд улирлаас алдагдлаас ашиг руу орох нь тодорхой болоод байсан. Тэгвэл тэдний борлуулалтын орлого энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө 57.7%, 2021 оны мөн үеэс 711.1% өссөнөөр анх удаа ашигтай ажиллалаа. Ийнхүү Монголд хамгийн анх конвиниенс сүлжээ дэлгүүрийг нэвтрүүлсэн тэд 6 жилийн нөр их хөдөлмөрийн дараа ашигт ажиллагаанд хүрч байна. 

🌟 Илүү их: Тэд оны эхний хагаст Улаанбаатарт 23, орон нутагт 5 салбар шинээр нээснээр нийт дэлгүүрийн тоо нь жилийн өмнөхөөсөө 21% өсөж 393-т хүрээд буй. Мөн CU-н нийт дэлгүүрийн өдрийн дундаж борлуулалт жилийн өмнөхөөсөө 25%, үйлчлүүлэгчдийн тоо нь 8% өссөн нь нийт борлуулалтыг нэмэгдүүлсэн хэрэг. 

💪 Илүү том: Компани өнгөрсөн онд Чингис Шар Айраг ХХК-ийн 90%, Стора Цэнтрал ХХК-ийн 66%, Чингис Шар Айраг Клуб ХХК, Сэнтрал Коммерс ХХК болон Сэнтрал Кофе Роүстинг ХХК-ийг 100% тус тус эзэмшдэг.

🧐 Илүү нарийн: Цаашилбал, өмнө нь алдагдалтай ажилладаг байсан тул эздийн өмчийн өгөөж (ROE)-ийг ярих хэцүү байлаа. Харин одоо ашигтай ажилласнаар ROE нь 17.4% болжээ. ROE өсөх тусам хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалт үр ашигтай зарцуулагдаж байгааг илэрхийлнэ.

🌌 Цаашид юу болох вэ? 

CU анх IPO хийхдээ 360 дэлгүүртэй байхаар төлөвлөж байсан. Гэхдээ тэд өнгөрсөн хугацаанд стратегиа ахиулж үндэсний компани болохоор зорьж орон нутагт ч тэлж байгаа. Энэ ч утгаараа тэдний дэлгүүрийн тооны өсөлт II хагаст ч үргэлжилж Сэлэнгэ аймагт 400 дахь салбараа нээх гэж буй. Одоогоор тэдний орон нутгийн тэлэлт, тэдгээрт хүргэх дэд бүтцийн хөгжүүлэлт, хэрэглэгчдийн сонголтод нийцсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөгжлийн шатандаа явж буй.

Нэмээд, компанийн хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашгийн хувь эхний хагаст хурдацтай буюу жилийн өмнөхөөсөө 9.5 нэгж хувиар нэмэгдэж 14%, цэвэр ашгийн хувь 4%-д хүрснээс харахад цаашид ашиг нь нэлээд өсөх нь. Тэгэхээр тэдэнд хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчдийн хувьд урт хугацаандаа тогтвортой өгөөж хүртэх нь дээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ