АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монложистикс Группийн орлого энэ оны эхний хагаст 55% нэмэгджээ

 

Компаниудын хагас жилийн тайлангийн цуваа үргэлжилсээр байна. Өнөөдөр Монголын анхны нээлттэй групп компани болох Монложистикс Холдинг ХК (MLG)-ийн тайланг тоймлоно. Ашиг, орлого нь юу болсон бол оо? 

 Салбараас тасарсан өсөлт

Энэ оны эхний хагаст Монгол Улсын тээврийн салбарын орлого жилийн өмнөхөөсөө 25.4% өсөж ₮3.5 их наядад хүрсэн бол Монложистикс Группийн орлого 55% нэмэгдэж ₮141.9 тэрбумд хүрсэн байна. Учир нь тэдний тээвэрлэсэн ачааны хэмжээ жилийн өмнөхөөсөө 12.8% өсөж 570 мянган тн-д хүрсэн аж. Улмаар цэвэр ашиг нь 45.2% нэмэгдэж ₮6.6 тэрбум болжээ. 

🔍 Нарийн үзүүлэлтүүд: Цаашлаад, тэдний P/B харьцааг өчигдрийн хаалтын ханшаар тооцоход 1.4, P/E нь 10.1 байгаа бол эздийн өмчийн өгөөж нь (ROE) 13.9% байгаа нь компани хөрөнгө оруулагчдын хөрөнгийг үр ашигтайгаар ашиглаж буйг илтгэж байна.

Онцлог үйл явдал ➡️ M&A

Үргэлжлүүлээд Монложистикс Холдингийн онцлох ажлуудаас дурдвал, компани 6-р сард хөрөнгө оруулагчидтай харилцах функцээ сайжруулах зорилгоор мэргэжлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний компани болох Сapital Мarket Мongolia компанитай хамтын ажиллагаа эхлүүлсэн юм. Харин 7-р сард зарлагдсан хамгийн том үйл явдал бол ТЭСО Группийн охин компани болох Төв Азийн Зам ХХК-ийн 51%-ийг өөртөө нэгтгэсэн явдал байлаа

💸 ₮3.5 тэрбум: Компанийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтыг харвал, ₮11 тэрбумыг зарцуулахаар төлөвлөж, ₮6.8 тэрбумыг нь зарцуулсан байна. Үүний 51.6%-ийг Төв Азийн Зам ХХК-ийн нэгтгэлд зарцуулсан аж. 

🆙 Улам олуулаа: Нэмээд тус компанийн хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтийг сонирхвол энэ оны эхний хагаст 70 хувьцаа эзэмшигч нэмэгдэж нийт 1,414 хувьцаа эзэмшигчтэй болсон байна. 

 Цаашид яах вэ? 

Компани энэ онд ₮13-₮15 тэрбумын цэвэр ашигтай ажиллах төлөвтэй байна. Энэ төлөвлөгөөгөөр бол цэвэр ашгийн хувь нь жилийн өмнөхөөсөө 1.4 нэгж хувь хүртэл нэмэгдэж 5%-5.5%-д хүрнэ гэсэн үг. Түүнчлэн импорт экспортын ачаа барааг бүхий л хувилбараар тээвэрлэдэг Төв Азийн Зам ХХК-д хөрөнгө оруулснаар Монложистикс группийн борлуулалтын орлого 15%-20% нэмэгдэж цар хүрээ нь тэлэхээр байгаа. Тэгэхээр оны эцсээр нэлээд өссөн дүнтэй тайланг танилцуулах болов уу даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ