АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Энэ оны эхний хагаст нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо  588.4 мянгад хүрчээ

Зээ, энэ оны эхний хагаст нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо буюу ХК-ийн 5%-иас бага хувьцаа эзэмшигчдийн тоо 26.8 мянгаар нэмэгдэж 588.4 мянгад хүрчээ. Тэдний хөдөлгөөнийг шинжье. 

🫂 Томчууд руу хошуурав

Оны эхний хагаст нийт 75 компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 28.2 мянгаар нэмэгдсэний 92.4% нь ТОП-20 компанид хөрөнгө оруулсан аж. Өөрөөр хэлбэл, жижиг хөрөнгө оруулагчдын дийлэнх нь ТОП-20 руу хошуурчээ. Гэхдээ ТОП-20 индексэд багтдаггүй ч жижиг хувьцаа эзэмшигчдийн тооны өсөлтөөрөө жагсаалтын 9-д эрэмбэлэгдсэн компани бол ЛэндМН ББСБ (LEND) байлаа. 

Тэгэхээр, ердөө 1.2 мянган жижиг хувьцаа эзэмшигч л ТОП-20 болон ЛэндМН ББСБ-аас өөр компанид хөрөнгө оруулсан байгаа юм. Уг 1.2 мянган хувьцаа эзэмшигчийн 46.2% нь Дархан Нэхий (NEH), 11.1% нь Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN)-д хөрөнгө оруулжээ. 

🥊 Тэргүүлэгч ба сүүл мушгигч 

Цаашлаад өнөө л бидний сайн мэдэх АПУ (APU) жижиг хувьцаа эзэмшигчдийн тооны өсөлтөөрөө тэргүүлэв. Бүхэл бүтэн 9.6 мянган жижиг хувьцаа эзэмшигч тэдэнд хөрөнгө оруулснаар нийт 30.2 мянган жижиг хувьцаа эзэмшигчтэй болжээ. Учир нь өнгөрсөн оны эхний хагаст АПУ ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшлийн нийт хувьцаанд эзлэх хувь 8.3% байсан бол одоо 13.4% болсон аж. 

🐢 Сүүл мушгилт: Харин нийт 51 компанийн жижиг хөрөнгө оруулагчдын тоо буурсан бөгөөд Премиум Нэксус ХК (CUMN)-ийнх хамгийн их буурчээ. Гэхдээ компани энэ сарын 1-нд хагас жилийн тайлангаа зарлахаасаа өмнө ашигт ажиллагааныхаа талаар мэдэгдэл хийж, хөрөнгө оруулагчидтайгаа харилцах тал дээр анхаарч буй тул оны сүүлээр нөхцөл байдал өөрчлөгдөх магадлалтай байна. 

Эцэст нь… Бага багаар нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ бүгд ТОП-20 компани руу л шуурч байна даа. Уг нь бүх нээлттэй компани олон улсын жишгээр тайлан балансаа цаг тухайд нь гаргаад, цаг үеийн мэдээллээ ил тод хуваалцаж хөрөнгө оруулагчидтайгаа харилцах тал дээр анхаардаг болчихвол байдал арай өөр болох болов уу.

ШУУД ДАМЖУУЛАЛТ