Бид салбар бүрийн эхний хагас жилийн тоймыг бэлтгэн хүргэж байгаа. Энэ удаад дарааллын дагуу нийгмийн даатгалын санг шинжье.
Тайлбар: Уг нийтлэлийг Үндэсний статистикийн хорооны датанд тулгуурлан бичсэн бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрынхаас зөрүүтэй байдаг шүү.
🤨 Эхний хагас жилд
НДС-гийн орлого энэ оны эхний хагаст өмнөх жилээсээ 39% өсөж ₮2.7 их наяд болжээ. Жам ёсоор зарлага нь ч өссөн. Тодруулбал, зарлага нь жилийн дотор 34% өсөж ₮2.4 их наяд болоод буй.
♾️ Хамаарал: Тус сангийн 80%-иас дээш хувийг тэтгэврийн даатгалын сан (ТДС) эзэлдэг тул орлого болон зарлагын өөрчлөлтөд шууд хамааралтай байдаг. Энэ удаад НДС-гийн зардал өсөхөд ч ТДС-гийн зардал 36.5% өссөн нь голлон нөлөөлсөн юм.
👴🏻👨🏻 Хөдөлгөөн: Эхний хагас жилийн байдлаар даатгуулагчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 14% буурч 927 мянга болсон бол өндөр настны тэтгэвэр авагчдын тоо 4% өсөж 395 мянга болоод буй.
🗑️ Халамжлаад л байх уу?
НДС-г ямар нэгэн зүйлтэй жиш гэвэл, сууриасаа буруу цутгаад нэг тал нь өндөр, нөгөө тал нь намхан болсон байрыг хэдэн бетоноор эвж, тэнцүүлсэн байшинтай зүйрлэмээр. Тэр бетон бол улсын төсөв. Нэг ёсондоо НДШ төлөгчид шимтгэл гээд төлөөд л байдаг, нэмээд ахиад таны төлсөн татвараар энэ сангийн орлого, зарлагыг тэнцүүлсээр ирсэн.
🫣 Татаастай тулдаа л ашигтай: Цаашлаад сүүлийн 7 жил төсвөөс тус санд бараг ₮2 их наядын татаасыг олгоод буй. Өөрөөр бол татаастай тулдаа ₮222 тэрбумын ашигтай харагдаж байгаа хэрэг.
🤷🏻 Хавтгай: Манайд л халамж болоод хавтгайрчихсан болохоос бусад оронд энэ сан иргэдийн аж төрөх, ажиллах, элдэв осол гэмтэл учирлаа гэхэд үүнээс нь хамгаалах зарчмаар ажилладаг сан. Гэтэл орлого, зарлагаа тэнцүүлээд өөрөөрөө эвтэйхэн ажиллаж чаддаггүй сангаас алдар цолтон ахмадуудад, алдарт эхчүүдэд, насны хишиг, халамжийн, хөгжлийн үйлчилгээ, цаатан иргэдэд гээд 11 төрлийн халамж урсан гардаг.
Эцэст нь… Өнөө, маргааш нь яах вэ гэхэд одоо НДШ төлж буй 10 хүн 3 хүний тэтгэврийг төлж байгаа бол 2040 он гэхэд 8 хүнийхийг төлдөг болно. Одоогийн асуудал, маргаашийн эрсдэл болох нь тодорхой байхад засахгүй яваад л байх уу?