Энэ удаагийн наадмын нээлт болон хаалтыг ₮2.9 тэрбумаар хийснийг мэдсэн үү? Энэ удаад хэзээний л хэрүүл дагуулж байдаг наадмын төсөв рүү өнгийцгөөе.
🙊 Гялс хариу: Дэнж хотойтол эсвэл төсөв хотойтол?
Сүүлд 12 жилийн өмнө буюу 2012 онд наадмын төсвийг ₮875 саяар баталж байснаас хойш төсөв хурдацтай нэмэгдэж 2013 онд ₮1.5 тэрбумд хүрч түүнээс хойш ₮2 тэрбумаас буухаа больсон. Хачирхалтай нь 2020, 2021 он буюу цар тахлын 2 жилд үзэгчгүй наадам хийсэн хэр нь нийт ₮5.5 тэрбумаар наадамлаж байв. Харин өнгөрсөн оны тухайд наадмын төсвийг нийслэлийн төсөвт ₮5 тэрбум байхаар тусгаснаас өөр яг хэдээр наадамласан нь тодорхойгүй байгаа юм.
🤐 Зарцуулалт яав? Нэг л их мөнгөөр наадамлаж байгаа харагддаг хэр нь тэр мөнгө яг хаашаа, юунд зарцуулагдаад байгаа нь шилэн бус. Юутай ч нээлтэд оролцож байгаа уран бүтээлчид, эрийн 3 наадмын шагналын сан, тохижилт гээд явдаг л байх. Цаашлаад наадмын төсөв батлагдлаа гэж сонсогддогоос биш хэр хэмжээний орлого олдог нь тодорхой бус гээд ер нь л нэлээн хаалттай.
⚖️ Алдаа оноо: Энэ жилийн наадмын зохион байгуулалт бусад жилээ бодоход харьцангуй сайн байсан. Гэсэн ч наадмын нээлтийг сонирхохоор ирсэн жуулчдын суух сандал нь стандарт хангаагүй тул эвгүйхэн сууж байгаа харагдав. Уг нь энэ жилийн наадмын нээлтийг 2,000 гаруй жуулчин үзсэн гээд байгаа.
💔 Жуулчдад хэзээ ээлтэй болох вэ?
Цаашлаад Төв цэнгэлдэх хүрээлэн ойролцоогоор 12,280 хүний суудалтай буюу нийслэлийн хүн амын 1% ч хүрэхгүй хүмүүсийг л хүлээн авах хүчин чадалтай. Дотоодынхондоо ч суудал нь олдохгүй байхад Монголын наадмыг сонирхоод ирсэн жуулчдыг бүгдийг нь хүлээн авах нь юу л бол…
✈️ Сонирхуулахад, наадмын амралтын өдрүүдээр агаарын тээврээр 53,801 зорчигч үйлчлүүлсэн бөгөөд олон улсын нислэгээр 45,344, орон нутгийнхаар 8,457 хүн зорчсон байна. Юутай ч ЗТХЯ-ны энэ онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэх зорилт 68%-ийн явцтай байгаа юм байна даа.
Эцэст нь… Наадмын нээлт, хаалтыг ийм өндөр дүнгээр хийхийн оронд цэнгэлдэх хүрээлэнгээ гоё болгох талаас нь анхаарвал ирэх жилүүдийн наадам үзэмжтэй, гаднынхан ирэхэд ч харуулах зүйлтэй суух сан.