АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
H1: Эдийн засгийн тойм

 

Энэ оны эхний хагас жилд эдийн засаг маань юу болов оо? Дараагийн хагаст юу болох вэ? 

1️⃣ Нэг оронтой тоо

Өнгөрсөн оны эхний хагас жилийн эцсээр улсын инфляц 10.6%-д хүрсэн бол энэ оны эхний хагаст 5.1%-д буюу Монголбанкны зорилтот түвшинд хадгалагдаад байна. Өөрөөр бол инфляцын өсөлтийн хурд жилийн өмнөхөөс 5.5 нэгж хувиар буурсан гэсэн үг. 

Хүнс ➡️ Үйлчилгээ: 2023 оны эхний хагаст хүнсний бүлгийн үнэ хамгийн их буюу 17.8% өсөж инфляцад жин дарж байсан бол энэ жилийн хувьд хүнсний бүлгийн үнэ хамгийн бага өсөлттэй байна. Харин үйлчилгээний бүлгийн үнэ хамгийн их өсжээ

Баруун 🆚 Зүүн: Түүнчлэн инфляцыг бүсээр нь харвал хангайн бүсийнх хамгийн өндөр байгаа бол зүүн бүс болон Улаанбаатар хотын инфляц харьцангуй бага байгаа юм. 

🔽 Тэнцэл буурав

Цаашлаад, гадаад худалдааг харвал, гадаад худалдааны тэнцэл $2.5 тэрбум болж жилийн өмнөхөөсөө 23.6% буурсан байна. Учир нь экспортын үнийн дүнгийн өсөлт импортынхыг даваагүй аж. Энэ ч утгаараа өнгөрсөн 3-р сард түүхэн дээд хэмжээ буюу $5.2 тэрбумд хүрээд байсан гадаад валютын улсын нөөц (ГВУН) хагас жилийн эцсээр $4.8 тэрбум болоод байна. ГВУН нэмэгдэх нь төгрөгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Тэгэхээр ГВУН буурах тусам төгрөгийн ханш суларна л гэсэн үг. 

💲Ханш яав? Энэ оны эхний хагаст доллартой харьцах төгрөгийн ханш бага зэрэг буюу 0.9% чангарч $1=₮3,381 болсон. Ер нь бол 5-р сар гарснаас хойш энэ ханш хадгалагдаж байгаа. Харин цаашид ГВУН буурч, импортын барааны үнийн дүн нэмэгдэх тохиолдолд энэ тогтвортой байдал алдагдах магадлалтай. 

🗺️ Том зургаар

Ер нь бол Монголбанк 2022 оны 12-р сараас хойш 13%-д тогтвортой барьсан бодлогын хүүгээ 2 удаа дараалан бууруулж 11%-д хүргэсэн. Бодлогын хүүгийн бууралттай холбоотойгоор эдийн засаг тэлэх учиртай. Гэхдээ ОУ-ын байгууллагуудын Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл болон бидний өөрсдийн төсөөлөл зөрүүтэй байгаа. Дэлхийн банк л гэхэд энэ оны Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 1.4 нэгж хувиар бууруулж 4.8% болгоод байгаа

Харин УИХ-д суудалтай болсон намууд эдийн засгийн өсөлтийг 7%-8%-д хадгална, 6%-иас бууруулахгүй гэж амласан. Юу болсныг оны эцсийн эдийн засгийн тоймоороо хүргэе дээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ