Өнгөрсөн Даваа гарагт Японы Universal Studios-д Harry Potter-н шидтэний ертөнц нээлтээ хийсний 10 жилийн ой тохиосон билээ. Энэ удаад жуулчдын дунд алдартай байгаа сэдэвчилсэн паркуудын талаар тоймлох тул аялахаар төлөвлөж байгаа бол анхаараад аваарай.
🪄 Аялал жуулчлал ба ид шидийн ертөнц
2014 онд Японы Universal Studios-д Harry Potter-н хэсэг нэмэгдсэний дараах эхний улиралд 12.7 сая жуулчдыг татаж үйл ажиллагааны ашиг нь 61% өсөн ¥39 тэрбумд хүрч байсан. Энэ нь нээгдсэнээсээ хойш явцгүй байсан паркийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц авчирсан тул тус хэсгийн 10 жилийн ойг онцгойлон тэмдэглэхээс аргагүй юм.
📈 Алдаршив: Цаашлаад, Японы Universal Studios өдгөө дэлхийд Флорида дахь Disney-н “Ид шидийн хаант улс”, Калифорниа дахь Disneyland-н араас 3-рт эрэмбэлэгдэх алдартай парк болоод буй.
📉 Алдвар: Харин нөгөө талд сэдэвчилсэн паркууд дундаа хамгийн олон хүний хүслийн жагсаалтад байдаг Disney (DIS)-н паркуудыг компанийн дотоод бүтцийн өөрчлөлт, шинэлэг зүйлгүй тэргүүтэй олон шалтгаанаар зорих аялагчдын тоо цөөрөх болсон. Гэсэн ч хамгийн алдартай ТОП-10 сэдэвчилсэн паркуудын 7 нь Disney-нх байгаа хэвээр гэхээр дотоод асуудал нь цэгцэрчихвэл учиртай болох мэт.
😵💫 Юугаараа татах вэ?
Харин бидний тухайд бол эрх баригчид маань онгон дагшин байгаль, Чингис хаанаас өөр жуулчдын сэтгэлийг татах юмгүй хэр нь жил бүр 2 сая жуулчин хүлээн авна гээд ам гарчихсан улс. Японд $285 саяар Universal Studios-г барьсан шиг хөрөнгө оруулалт Монголд хийгдэх магадлал тун бага ч ядаж урдаа байгаа паркаа тордож янзлаад олон янзын тоглоомтой болгочихвол дэмтэй сэн.
💭 Тооцоололтой юу? Өнгөрсөн жил Монгол хамгийн олон буюу 640 мянган жуулчин хүлээн авсан. Welcome to Mongolia, Go Mongolia гээд л олон улсын түвшинд Монголыг сайн сурталчилж байгаа ч жуулчид хүлээн авах бэлтгэлгүй байгаа нь энэ их хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлэх мэт…
Ер нь тэгээд гадаадын жуулчид аливаа улсын үүх түүх, соёл, байгалийг сонирхохын сацуу үзэж харах энтертайнмент зүйлсэд татагдаж аялах улсаа сонгох нь олонтаа. Харин манайд бол цэлмэг тэнгэр, цэлийсэн тал дээрх 40 м өндөр Чингис хааны хөшөөнөөс өөр жуулчдыг татах зүйлс алга даа. Ямар сайндаа дотоодынхон маань ч ойрхон Бээжинд Universal Park нээгдлээ гээд баярлаж байх вэ дээ.