АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монгол ШХАБ-д ажиглагчийн байр сууриа хадгална

 

Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн ШХАБ-ын 24 дэх дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байр сууриа бататгасан, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн зэрэг олон үйл явдал болж өнгөрлөө. Эхнээс нь танилцаад явъя. 

Олон талт харилцаа: 24 дэх удаагийн уулзалт “Олон талт яриа хэлэлцээг бэхжүүлэх - Тогтвортой энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө тэмүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаад буй.

🤝 Шанхайн үзэл санааг бэхжүүлнэ

Энэ жилийн дээд хэмжээний уулзалт Казакстаны Астана хотод болсон бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайдаас бусад бүхий л төрийн тэргүүн нар оролцов. Тухайлбал, дэлхийн дэгийн зүүн блокийн удирдагчид болох Ши Жиньпин, Владимир Путин, Александр Лукашенко, Режеп Тайип Эрдоган нар тус тус хүрэлцэн ирсэн юм. 

Шинэ гишүүн: Өнгөрөгч өдрүүдэд Беларусь ШХАБ дахь ажиглагчийн статусаа ахиулж 10 дахь гишүүн нь болон элссэн. Улмаар ШХАБ-д Монгол, Афганистан ажиглагчаар үлдээд буй.

🙅‍♂️ Ажиглагчийн байр сууриа бататгав  

Харин Монголын тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаашид ч Монгол ШХАБ-д ажиглагчийн байр суурьтай байх бөгөөд гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн. Ингэснээр Орос, Хятадаас жил бүр шахуу “ШХАБ дахь байр сууриа ахиулаа” гэх уриалга гэх үү, шахалт гэх үү санааг няцааж өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлсэн хэрэг болсон юм. 

Хамтын ажиллагааны тухайд ШХАБ-ын бусад гишүүн улсаас илүүтэйгээр Орос Монголын стратегийн харилцааг гүнзгийрүүлэх стратегийн томоохон төслүүдийн явцын талаар 2 орны Ерөнхийлөгч нар хэлэлцсэн юм. 

Цаашлаад, талууд Монгол болон Оросын стратегийн харилцааг гүнзгийрүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцаж УБТЗ ХНН-ийн төв шугам, Дулааны III цахилгаан станцыг шинэчлэх, Монголын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолойг барих, Оросын дэмжлэгтэйгээр АЦС барих зэрэг томоохон бүтээн байгуулалтуудын асуудал хөндөгдөөд буй.

Эцэст нь… Юутай ч ШХАБ-д Монгол байр сууриа ахиулах уу, гэдэг асуултад Ерөнхийлөгч тодорхой хариулалт өгч цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой хэдий ч ажиглагчаас хэтрэхгүй хэмээн олон хүний санааг амраав. Харин нэгэн чихэнд чимэгтэй мэдээ бол Монгол болон Евроазийн эдийн засгийн холбооны хооронд энэ ондоо багтаад чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ) байгуулах ажил. За тэгээд ЧХХ-ээ хийчихвэл дараагаар нь ЧХХ-ээ утгаар нь ашиглаж чадах уу, үгүй юу, гэх асуудал гарч ирэх байх даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ