АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Хөгжлийн банкны эргэн тойронд

Fitch Ratings агентлаг Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг “В” тогтвортой түвшинд хэвээр үлдээж, “Watch negative” ангиллаас гаргаад буй. Хөгжлийн банкны нөхцөл байдал ямар байгаа вэ? 

Эрсдэлтэйгээс ➡️ Эрсдэлгүй 

Өнгөрсөн оны эцэст хугацаа нь дуусах байсан Евро бонд, Самурай бондын өр төлөлтөд учирч болох эрсдэл болон бодлогын чиг үүргийн ач холбогдлыг Fitch Ratings “Эрсдэлтэй” гэж үзэн 2023 оны 10-р сард Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг буурч болзошгүй буюу “Watch Negative” ангилалд оруулсан. Харин тус банк Евро бондын $500 сая, Самурай бондын ¥30 тэрбумыг өөрийн эх үүсвэрээр, цаг хугацаанд нь төлсөн тул зэрэглэл буурах эрсдэлтэй ангиллаас гараад байна. 

Өр буурав: Улмаар 2023 оны эцэст Хөгжлийн банкны нийт өрийн дүн жилийн өмнөхөөсөө 3.7 дахин буурч, ₮687.5 тэрбум болсон аж. 

Хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр

Цаашлаад Хөгжлийн банк нь хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгынхоо хүрээнд уул уурхай, цемент, эрчим хүч, агаарын хөлгийн 13 томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн нь амжилттай хэрэгжиж дуусаад буй. 

Хувь нэмэр: Хөгжлийн банкны санхүүжүүлж буй төсөл хөтөлбөрийн дийлэнх нь эрчим хүчний салбарыг дэмжихэд чиглэж буй. Үүнээс Чойбалсан дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар, ДЦС-4 болон Амгалан дулааны станцыг тус тус өргөтгөснийг онцолж болно. Энэ ч утгаараа Хөгжлийн банкны олгосон зээл эрчим хүчний салбарт багагүй ахиц авч ирж байгаа. 

Цаашид

Одоогоос 3 жилийн өмнө Хөгжлийн банкны олгосон нийт ₮3.2 их наядын зээлийн ₮1.8 их наяд нь чанаргүй зээл гэсэн дүгнэлт гарч байсан. Тэгвэл 2022 оны эхээс энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт ₮1.3 их наядын зээл бүрэн төлөгдөж хаагджээ. Түүнчлэн Fitch Ratings-с Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байгаа нь банкны бодлогын чиг үүргийг бататгаж, төрөөс дэмжлэг авах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж ийнхүү зээлжих зэрэглэлийн үнэлгээг сайжруулсан байна. 

Эцэст нь… Хөгжлийн банкны нөхцөл байдал сайжирч буйг олон улсын зээлжих зэрэглэлийн агентлагуудын дүгнэлтээс харлаа. Тэгэхээр цаашид ашигтай ажиллах, хараат бус байх, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах гэсэн үндсэн зарчмуудаа мөрдөөд явах биз ээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ