АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны хагас жилийн тойм

 

Энэ оны эхний хагас жилд уул уурхайн бүтээгдэхүүний бирж (УУББ) дээр нийт 341 арилжаа явагдсанаас 189 буюу 55%-ийг нь нүүрсний арилжаа эзэлж байна

🆙 Ахиц 

Хагас жилийн байдлаар тус бирж дээр нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүний арилжаа хийгдээд буй. Өнгөрсөн жилийн эцэс гэхэд биржээр 299 удаагийн арилжаа хийгдэж 15.6 сая тн уул уурхайн бүтээгдэхүүн арилжигдаж байсан бол энэ оны хагаст хэдийнээ 15.6 сая тн бүтээгдэхүүний арилжаа хийгджээ. 

Нийт арилжаа хэд хүрэв? Энэ оны эхний хагаст хийгдсэн нүүрсний арилжааны дүнг харвал юаниар хийгдсэн нь ¥2.9 тэрбум, доллароор хийгдсэн нь $1.3 тэрбумд хүрчээ. Харин нүүрснээс бусад бүтээгдэхүүний арилжаа $1.4 тэрбумд хүрсэн байна.

Нүүрс: 95% ➡️ 55% 

Биржийн арилжааг тэргүүлж буй нүүрсний нийт арилжаанд эзлэх хэмжээ өнгөрсөн онд 95% байсан бол өдгөө 55% болоод буй. Гэхдээ энэ нь нүүрсний арилжаа буурсан хэрэг бус харин арилжааны сагсанд төмрийн хүдрийн эзлэх хэмжээ өнгөрсөн онд 4.3% байснаас 43.6% болж нэмэгдсэнтэй холбоотой. Тухайлбал, он гарснаас хойш төмрийн хүдэр, баяжмалын 149 арилжаа явагдаж 983 мянган тн буюу $71.6 саяын дүн бүхий арилжаа хийгдсэн байна. Харин зэсийн 2, хайлуур жоншны 1 арилжаа хийгдээд буй. 

Шинэхэн: Биржээр зэс арилждаг болоод 4 сар, хайлуур жонш арилждаг болоод 3 сарын хугацаа өнгөрч байна.

Эрэлт: Зэсийн эхний арилжаа 4 сарын 29-нд явагдаж 6,000 тн зэсийн 2 удаагийн арилжааны дүн $11.9 саяд хүрсэн. Зэсийн арилжаа нэмэгдээд ирвэл биржийн арилжааны дүн геометр өсөлтөөр өснө дөө.

Оролцогч талууд: Өдгөө биржийн арилжаанд Тавантолгой (TTL) ХК, Эрдэнэс Тавантолгой (ЭТТ), Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, МАК ХХК, Энержи Ресурс ХХК тэргүүтэй 8 компани оролцож байгаа бөгөөд Энержи Ресурс ХХК хамгийн идэвхтэй буюу 152 удаагийн арилжаанд, Монголросцветмет 85 удаагийнхад тус тус ороод буй. Цаашлаад бүртгэлтэй 6 ҮЦК брокероор ажиллаж буй

Эцэст нь… Яг жилийн өмнө МХБ ХК (MSE) уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зөвшөөрлөө авч байсан. Одоогийн трэндээр бол 2024 оны нүүрсний арилжаа өнгөрсөн оноосоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй дэг шүү.  

ШУУД ДАМЖУУЛАЛТ