Монголын анхны нээлттэй групп компани болох Монложистикс Холдинг (MLG) ТЭСО Группийн охин компани болох Төв Азийн Зам ХХК-ийн 51%-ийг өөртөө нэгтгэлээ.
💪 Өргөжилт: 9+1
Монложистикс Холдингийн хувьд 9 компанийг удирдаж буй. Эдгээр 9 компанийн 5 компанийг 100%, үлдсэн 4 компанийн 50%-иас дээш хувийг эзэмшдэг. Тэгвэл тэд одоо 2012 онд ТЭСО Инвестмент ХХК-ийн хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдсан, суудлын авто машины импортын тээврийн зах зээлийн томоохон тоглогч Төв Азийн Зам ХХК-ийг нэгтгэж хүчээ нэмээд байна.
Юу болох вэ? Ер нь бол суудлын автомашины зах зээл нь нийт импортын 20%-ийг дангаараа бүрдүүлдэг. Уг зах зээл нь 2024 оны эхний хагас жилийн байдлаар жилийн өмнөхөөсөө 105% өссөн байна. Тэгэхээр транзит тээврээр мэргэшсэн Монложистикс Холдингийн хувьд Төв Азийн Зам ХХК-ийг өөртөө нэгтгэснээр энэ зах зээл рүү хүч түрэн орох нь ээ.
Онцлог байна уу? Төв Азийн Зам ХХК нь суудлын автомашины зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлээд зогсохгүй суудлын автомашины лизингийн үйлчилгээнд инновацыг шингээн “Translease” үйлчилгээг салбартаа нэвтрүүлжээ.
Цаашид яах вэ?
Монложистикс Холдинг Төв Азийн Зам ХХК-ийг нэгтгэх ажлыг 2024 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн тооцохоор хэлэлцээр хийсэн аж. Тэгэхээр Монложистикс Группийн 2024 оны нэгтгэл санхүүгийн тайланд Төв Азийн Зам ХХК-ийн гүйцэтгэл бүтэн дүнгээр нэгтгэгдэж орно гэсэн үг. Улмаар Монложистикс Холдингийн борлуулалтын орлого 15%-20%, хүлээгдэж буй цэвэр ашиг 10%-15% нэмэгдэх хүлээлттэй байгаа аж.
Боломж: Түүнчлэн Монложистикс Холдинг нь үндэсний ТОП-уудын нэг ТЭСО Групптэй бизнес хамтрагч болсноор цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэж буй юм.
Эцэст нь… Монложистикс Холдингийн энэхүү нэгтгэл нь тэдний цар хүрээг тэлснээр илүү том зах зээл рүү нэвтэрч байна. Мөн нөгөө талд тэдний хөрөнгө оруулагчдын хувьд Монложистикс Холдингийн 9 охин компанийн ашгаас хувь хүртэх боломжтой байсан бол одоо энэ тоо нэгээр нэмэгдлээ.