АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монголын даатгалын салбарт анх удаа Тогтвортой хөгжлийн тайланг танилцуулав

Монголын даатгалын ууган байгууллага болох Ард Даатгал ХК (AIC) 30 жилийн ойгоо тохиолдуулан Монголын даатгалын салбарт анх удаа Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцууллаа. Тайлангийн онцлох зүйл юу байв? 

🛣️ Тогтвортой хөгжил: Алхах зам

Ард Даатгал ХК нь “Тогтвортой хөгжил бол хүрэх цэг бус алхах зам юм” хэмээх уриа дор НҮБ-аас гаргасан тогтвортой хөгжлийн 3 зорилгод голлон анхаарч ажиллажээ. Үүнээс онцолбол, 👇

Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах: Энэ зорилгыг дэмжих хүрээнд үерийн хохиролд ₮1 тэрбум, зуд, цасан шуурганы эсрэг хамгаалалтад ₮449 саяын нөхөн төлбөрийг тус тус олгожээ. Түүнчлэн тэд цахим даатгалыг эрчимжүүлж цаасны хэрэглээгээ 50% бууруулсан байна.

Ээлтэй: Үргэлжлүүлээд компани сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгож буй компаниудтай хамтран ажиллаж, хөнгөлөлттэй даатгаж байгаа аж. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний компанийн даатгал нь ₮1 тэрбумд хүрч, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй.

🦺 Нөхөн төлбөрөөр тэргүүлэгч 

Цаашлаад, тайлангаас онцолбол, Ард Даатгалын даатгуулагчдын тоо өнгөрсөн онд 21.5% нэмэгдэж 243 мянгад хүрсэн аж. Улмаар компанийн нөхөн төлбөрийн хэмжээ тус онд ₮14.1 тэрбумд хүрснээр нөхөн олголтоороо тэргүүлж буй. Энэ ч утгаараа тэдний зах зээлд эзлэх хувь 9.4% байгаа юм. Нэмээд, 👇

Нөөц сан: Компанийн болзошгүй нөхөн төлбөр, зардлыг санхүүжүүлэх зорилготой нөөц сангийн хөрөнгө оруулалтын багцыг харвал 53%-ийг нь банк, санхүүгийн, 12%-ийг технологийн, 3%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж буй. Тэд 2025 он гэхэд нийт багцынхаа 20%-иар БОНЗ-ын шалгуурыг хангасан компанид хөрөнгө оруулахыг зорьж байгаа гэнэ.

Эцэст нь… Компаниуд байгаль орчин, нийгэм, засаглалдаа анхаардаг болж, даатгалын компани ч Тогтвортой хөгжлийн тайлан гаргаж байгаа нь сайшаалтай. Цаашид тогтвортой хөгжилд чиглэсэн даатгалын олон төрөл нэмэгдэх биз ээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ