АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Шинэ парламентын 65% нь анх удаа сонгогдсон гишүүд байна

 

УИХ-ын 9 дэх удаагийн сонгуульд 1.4 сая иргэн саналаа өгч 69.3%-ийн ирцтэйгээр 126 гишүүнтэй шинэ парламентыг тодрууллаа. 

Ирц буурав: Энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх 2020 оны сонгуулийн ирцээс 4.3 нэгж хувиар буураад буй. Мөн сонгогчдын саналыг 100% гараар тоолж өчигдөр СЗХ-ноос гар тооллогын дүн саналын машиныхтай таарсныг мэдэгдсэн юм.

🎨 Ирэх 4 жилийн Монголын өнгө 

МАН 13 тойргийн 11-т нь ялж эрх баригч намын статусаа ахин 4 жил сунгалаа. Ингэснээр тэд 12 жил дараалан эрх баригч нам болж байна. Задлан харвал, тойргоос МАН 50 суудал, АН 26, ХҮН нам 2 суудал тус тус авсан бол жагсаалтаар МАН 18, АН 16, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам (ИЗНН) 4 суудал авчээ. 

Хилийн чанад дахь иргэдээс ХҮН нам 2,913 санал авч тэргүүлсэн юм. Өөрөөр бол хилийн чанадад дахь сонгууль өгсөн иргэдийн 44% нь тус намд саналаа өгсөн гэсэн үг.

4 нам + 1 эвсэл: 3 намын төлөөллөөс бүрдэж байсан өмнөх парламенттай харьцуулахад 9 дэх удаагийн парламентад Үндэсний эвсэл, ИЗНН анх удаа суудалтай болж АН 10 суудлаа 42, ХҮН нам 1 суудлаа 8 болгон ахиулсан амжилттай оролцов. Товчоор бол 9 дэх парламент бага ч гэсэн солонгорч 4 нам, 1 эвслээс бүрдэхээр болсон.

💭 Сонгуулийн алдаа, оноо

Сонгуулийн өмнөхөн 2.2 сая гаруй хүн санал өгнө гэж байсан ч явцын дунд 2 сая болов. Тодруулбал, санал хураалтын өдөр 135 мянга гаруй хүний санал түр хасагдсан санал болсон юм. Тэдгээр хүмүүс он гарснаас хойш хил давсан учраас санал нь “түр хасав” гэсэн төлөвтэй болсон аж

Ажиглагчдын дүгнэлт: Цаашлаад, Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-аас гаргасан сонгуулийн дүгнэлтийг сонирхуулахад, энэ удаагийн парламентын сонгуулийн санал хураалт ил тод, шуурхай болсон ч сонгуулийн сурталчилгаа 17 хоног байсан нь томсгосон 13 тойрогт хэтэрхий багадах хугацаа байсныг онцлов. Энгийнээр хуучин олонд танигдсан хүмүүст давуу талтай зохицуулалт…

🤵🏻‍♂️🤵🏻‍♀️ Банк, санхүү, ХЗЗ-ийн төлөөллүүд

Шинээр гишүүн болсон эрхмүүд дунд банк, санхүү, ХЗЗ-ийн төлөөллүүдээс, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин, Инвескор ББСБ ХК (INV)-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Уянгахишиг, Банкны холбооны Гүйцэтгэх захирал асан Б.Найдалаа нар багтаад буй. 

Юутай ч 9 дэх удаагийн УИХ-д 32 эмэгтэй гишүүн, сэтгүүлзүйн салбарын 4 төлөөлөл, Банк, санхүү, ХЗЗ-ийн 4 төлөөллүүд, 3-аас олон удаа УИХ-д сонгогдож байсан 14 гишүүн, УИХ-д анх удаа сонгогдсон 82 гишүүнтэй, нэг ч нэр дэвшигчгүй зэрэг олон талаас нь харахад нэлээн сонирхолтой парламент бүрдлээ. Маргааш шинэ парламентын анхдугаар чуулган болно. Цаашлаад ЗГ-аа хэрхэн бүрдүүлэх зэрэг олон сонирхолтой үйл явдал биднийг хүлээж байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ