АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Монголын технологийн компаниуд Узбекистаны зах зээл рүү орж эхэллээ

 

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан дахь 4 хоногийн айлчлал өндөрлөж буй. Энэ нь түүний 2024 он гарснаас хойших анхны гадаад айлчлал. Тэгвэл түүний айлчлалын цаад зорилго нь юу байв? 

32 жилийн түншлэл

Монгол болон Узбекистан дипломат харилцаа тогтоогоод 32 жилийг ардаа үдээд буй. 2 орны худалдааг сүүлийн 10 жилээр харвал 2014 онд худалдааны эргэлт $5.9 саяд хүрч байсан ч Монголын худалдааны алдагдал 93%-тай гарч байжээ. Тус улстай хийж буй худалдаандаа Монгол алдагдал хүлээсээр өнгөрсөн 10 жилд тус улсаас $32.8 саяын бараа бүтээгдэхүүн импортолсон хэдий ч дорвитой экспорт нь $10 саяд арай ядан хүрч буй. 

Түүхэн тоо: Харин өнгөрсөн онд Монголын Узбекистан руу хийсэн экспорт дээд түвшин болох $4.6 саяд хүрсэн юм. Товчхондоо сүүлийн 2 жилд экспорт урьд хожид байгаагүйгээр нэмэгдсэн.

Хэдэн малын буян: Цаашлаад, Узбекистанаас бид хөргөх, хөлдөөх цахилгаан төхөөрөмж, какао, хатаасан жимс, гурилан бүтээгдэхүүн авдаг бол экспортоор хонь, үхэр, ямааны мах, арьс шир, малын дайвар эрхтнийг гаргаж байна.

Цаашдын хамтрал: Харж байгаачлан 2 орны худалдаа ХАА-н гаралтай бүтээгдэхүүнд түшиглэдэг. Иймээс ч Монгол болон Узбекистан цаашид ХАА, хөнгөн үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ

Бизнесийн түнш

Сүүлийн үед Монголын технологийн компаниуд Төв Азийн зах зээлийг ихээхэн сонирхож эхнээсээ тус зах зээл рүү гарч буй. Тухайлбал, Fibo Cloud Казакстан руу технологио экспортолсон, Инвескор ББСБ ХК (INV) Киргизстанд хэдийнээ 4 салбараа нээн Казахстан, Узбекистанд салбараа нээхээр ажиллаж байгаа зэрэг жишээнүүдийг дурдаж болохоор. 

Шинээр: Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Нура оношилгооны төв Узбекистанд салбараа нээхээр болсон бол Монгол Базальт ХК (MBW) тус улсад орчин үеийн Базальт технологийн хамтарсан үйлдвэр байгуулах гэрээ байгуулаад буй. Тус үйлдвэрийн эхний шатны санхүүжилт нь $30 сая гэж байгаа.  

Ямартай ч айлчлалаар 2 орны ЗГ болон байгууллага хооронд 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсны сацуу тус улсад Монголын ЭСЯ-ыг албан ёсоор нээсэн, шууд нислэгтэй болсон зэрэг нэлээн олз омогтой айлчлал болов. Гэхдээ удахгүй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Төв Азид буюу Казакстанд болно. Аливаа улсын төрийн тэргүүн ОУ-ын шинж чанартай уулзалтад оролцохын өмнө ойролцоох улс орнуудаар айлчлах нь түгээмэл байдаг хэдий ч Монголын ШХАБ дахь байр суурь хэрхэх талаар цуураад эхэллээ. Юу л болдог бол доо.