Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Жилд 10 сая тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орлоо

 

Эрдэнэс Тавантолгой ХК (ЭТТ) өнгөрсөн Пүрэв гарагт жилд 10 сая тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрээ нээлээ. Тэгэхээр ямар технологиор ажиллах, хэр үр ашигтай үйлдвэр юм бэ? 🤔

🧐 Өгөөж 

Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл нь 2 үе шаттай хэрэгжиж, нийт 30 сая тн нүүрс хүлээн авч баяжуулах аж. Тус үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор ЭТТ жилд дунджаар 24 орчим сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, $1.9 тэрбумын борлуулалтын орлого олсноор $197.3 саяын цэвэр ашигтай ажиллах төсөөлөлтэй байгаа аж. 

🏭 Эрчим хүчний үйлдвэрлэлд нэмэртэй 

Нэмээд улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр $185.8 саяыг төвлөрүүлэх гэнэ. Сонирхуулахад, уг үйлдвэр нь зөвхөн эрчим хүчний нүүрс угаадгаараа онцлог. 

⬆️ Тодруулбал, Тавантолгойн нүүрсийг тус үйлдвэрт коксжуулснаар кокс, метанол, демитилийн эфир, нийлэг байгалийн хий, бензин, дизель түлш, устөрөгч гэх мэт аж үйлдвэрийн олон төрлийн түүхий эд үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Ингэснээр эхний ээлжид 10 сая тн баяжуулсан нүүрсний 1.7 саяыг кокс-химийн үйлдвэрт, 2.7 саяыг нь кокс эрчим хүчний үйлдвэрүүдэд нийлүүлж, 2.2 сая тн кокс, 107 МВт эрчим хүч, 60 мянган тн коксын давирхай, 100 сая шоо метр нийлэг хий, 8.5 мянган тн аммиак үйлдвэрлэхээр тооцоолсон байна. 

Цаашилбал баяжуулах үйлдвэрийн хаягдал буюу 2 сая тн мидлингийг эрчим хүчний нүүрстэй хольж 450 МВт-ын цахилгаан станцыг түүхий эдээр хангаж, цахилгаан станцын 1.4 сая тн үнсээр эко хавтан, гипсэн блок зэрэг барилгын материал үйлдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг бүрэн ашиглаж, байгальд ээлтэй, хаягдалгүй байлгах аж.

💰$1 тэрбум

Уг төслийн нийт санхүүжилт $1 тэрбум бөгөөд одоогоор Эрдэнэс Тавантолгой компани $300 орчим саяын санхүүжилт хийсэн байна. Тэгэхээр $1 тэрбумын санхүүжилтээр 30 сая тн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулж байгаа гэхээр цаашид ч хүчин чадлаа тэлж болох…   

Эцэст нь… Ямартай ч нүүрсээ шууд арилжаалдаг байсан компани маань баяжуулах үйлдвэртэй болж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон нь сайшаалтай. Нэмээд төрийн оролцоо буураад ирвэл олж буй орлогоороо хүчин чадлаа өргөжүүлээд, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаад явах биз ээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ