Сонгууль болоход 3 хоног үлдлээ. Хөрөнгө оруулагчид маань намууд мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээлийг дэмжих, хөгжүүлэхээр ямар бодлогуудыг тусгасныг анзаарч харсан уу? Анзаараагүй бол анхаарлаа нааш нь.
🔴 МАН - Хөгжүүлнэ
Монгол Ардын Нам (МАН) мөрийн хөтөлбөртөө хөрөнгийн зах зээл (ХЗЗ)-ийг хөгжүүлэх 5 зүйлийг тусгажээ. Үүнд нь, төрийн өмчит компаниудыг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй болгосноор шууд хяналт тавьж, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлэх гэнэ. Өөр юу тусгав?
Төрийн өмчит компаниудыг олон улсын бирж дээр гаргах талаар тусгажээ. Харин яаж гэдэг нь тодорхойгүй.
Түүнчлэн үнэт цаасны давхар бүртгэл, хадгаламжийн бичгээр дамжуулан Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудад аль ч зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх боломжийг нэмэгдүүлж өгнө гэнэ.
Цаашлаад дотоодын компаниудтай үйл ажиллагаа нь давхцаагүй, өндөр технологийн үйлдвэрлэл эрхлэх гадаадын хөрөнгө оруулагчдад ногдох давхар татварыг бууруулах, хууль эрхзүйн орчныг шинэчилж хөрөнгө оруулалах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ.
☝️ Хамгийн онцлог бодлого: Тус нам мөрийн хөтөлбөртөө ДНБ-д эзлэх ЗГ-ын өрийг 40%-иас доош хувьд тогтмол хадгалж, хувийн хэвшилд олон улсаас хямд өртөгтэй эх үүсвэр татах боломжийг олгох бодлогыг оруулсан аж.
🔵 АН - Шинэчилнэ
Ардчилсан нам (АН) санхүү, даатгалын салбарын бодлогодоо ХЗЗ-ийг хэрхэн дэмжих талаар дурдсан бөгөөд ингэхдээ ХЗЗ-ийн хатуу болон зөөлөн дэд бүтцийг гадаад зах зээлд нийцтэй бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр тусгасан байна.
Цаашлаад тэд ХЗЗ дэх оролцогч талуудын үйл ажиллагаанд шударга өрсөлдөөн бий болгож, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангасан орчинг бүрдүүлэх аж. Монголд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хөндсөн асуудал нэлээдгүй гардаг нь зохицуулагч байгууллагуудын хяналт сул байдагтай ихээхэн хамааралтай байдаг даа.
Түүнчлэн тэд банк, санхүүгийн болон ХЗЗ-ийн шинэчлэл хийх бөгөөд МАН-ын нэгэн адил төрийн өмчит компаниудыг хувьчилснаар өгөөжийг нь нэмэгдүүлэх, бүрдүүлсэн орлогоос нь өрийн дарамтыг бууруулахад зарцуулах аж.
Мөн уул уурхайн бус үйлдвэрлэлийн экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх гэнэ. Энэ заалт биежвэл ирэх 4 жилд Монгол уул уурхайн бус бүтээгдэхүүний хөрөнгө оруулалтын сантай болох нь дээ.
☝️ Хамгийн онцлог бодлого: Тус намын мөрийн хөтөлбөрөөс онцлог туссан амлалт бол гадаадын хөрөнгө оруулагчдад тавигдах шалгуур, хөрөнгө оруулалтын хэмжээг салбар тус бүрээр нь тодорхойлох явдал байв.
🟣 ХҮН нам - Боловсронгуй болгоно
ХҮН намын тухайд тэд юун түрүүнд ХЗЗ-ийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар дурдсан бөгөөд зах зээлд суурилсан хөгжлийг дэмжих замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж итгэж буй. Үргэлжлүүлээд,
Хөрөнгийн болон даатгалын салбарын зах зээлд суурилсан хөгжлийг дэмжих зорилгоор эрх зүйн орчныг сайжруулан, хөрөнгө оруулалт босгох боломжийг нэмэгдүүлнэ.
Гадаадын хөрөнгө оруулагчдаас гарааны болон бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох гарцыг бүрдүүлэх аж. Мөн нийлүүлэлтийн сүлжээ бий болгох замаар буюу томоохон ААН, төрийн худалдан авалтын гэрээний авлагыг барьцаалан зээл авах эрх зүйн орчныг бүрдүүлэх гэнэ.
Эдийн засагт олон нийтийн эзэмшил бүхий шинэ хэвшлийг бий болгоно. Түүнчлэн тэтгэврийн сангууд хөрөнгийн захын том тоглогч болж төрийн болон үндэсний компаниудын хувьцааг эзэмшдэг, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдог болох аж.
☝️ Хамгийн онцлог бодлого: Тэд гарааны бизнесийг санхүүжүүлэх венчур капитал сан байгуулах, олон улсын хөрөнгийн биржүүдээс хөрөнгө татах боломж бүрдүүлэх талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан нь хамгийн онцлог харагдаж байлаа.
⌛ Ирэх 4 жилд хөрөнгийн зах зээл…
Юутай ч намуудын хөрөнгийн зах зээл рүү чиглэсэн ирэх 4 жилийн бодлогыг хураангуйлан харахад тус 3 нам төрийн өмчит компаниудыг хувьчлах тал дээр санал нэгтэй ажиллах бололтой. Гэхдээ энэ бол цоо шинэ зүйл ердөөс биш. Одоогийн УИХ-ын үед буюу 2023 онд л төрийн өмчит 26 компанийг олон нийтийн болгоно гэж байсан ч бидний сайн мэдэхээр МХБ (MSE), Төрийн банк (SBM) л нээлттэй компани боллоо. Тэгэхээр намуудын 2024 оны мөрийн хөтөлбөр таатай байгаа ч яг хэрэгжилт дээрээ юу л болдог бол доо.
Эцэст нь… Саналаа өгөх нэр дэвшигчээ сонгохоос өмнө намуудын мөрийн хөтөлбөр дэх эдийн засаг, гадаад харилцаа, бизнесийн орчинд юу хийхээр төлөвлөсөн, амласан бодлогыг анзаараарай. Иргэд намуудаас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавьдаг, хариу нэхдэг соёлыг төлөвшүүлж чадвал улстөрчид, намууд илүү бодитой мөрийн хөтөлбөр гаргахад нэмэртэй шүү.