АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Гадаад өр сүүлийн 10 жилд 62% өсжээ

 

Гадаад өр энэ оны эхний улиралд өнгөрсөн оноосоо 4.8% өсөж $35 тэрбумд хүрээд буй. Энэ тоо яагаад өсөөд байна вэ?

Гадаад өрийн сагс

Монгол Улсын гадаад өрийн хамгийн их хувийг компани хоорондын зээллэг буюу ГШХО эзэлдэг бөгөөд өнгөрсөн улиралд л гэхэд өрийн сагсны 44.8%-ийг эзэлжээ. Харин ЗГ-ын өр I улиралд өмнөх оноосоо 10.9% буурч $7.9 тэрбумд хүрсэн бөгөөд гадаад өрийн сагсны 23%-ийг бүрдүүлэх болов. Гэхдээ сүүлийн 10 жилд компани хоорондын зээллэг тус хугацаанд 30% өссөн байхад ЗГ-ын өр бүр 57%, бусад салбарынх 53.8% буюу нэлээн хурдацтай өссөн байгаа юм. 

Цаашлаад, гадаад өрийн сагсанд эзлэх компани хоорондын зээллэгийн хувь хэмжээ I улиралд 10 жилийн өмнөхөөс 5.5 нэгж хувиар буурсан бол ЗГ-ынх 6.9 нэгж хувиар, бусад салбарын өр 6 нэгжээр тус тус нэмэгджээ.

Өрийн түлхэгч хүч: Үүнээс гадаад өр сүүлийн 10 жилд 62% өсөхөд ЗГ болон бусад салбарын өр тогтмол нэмэгдсэн нь нөлөөлснийг харж болохоор.

Харин ДНБ-д? Цаашлаад гадаад өрийг ДНБ-тай харьцуулан харвал өнгөрсөн жилийн эцэст ДНБ-ий 150%-тай дүйх болсон. Үүнээс ЗГ-ын өр дангаараа ДНБ-ий 49%-тай тэнцэх болсон төдийгүй Fitch Ratings-с 2024 онд тус харьцааг 53%-д хүрэх таамаглал гаргаад буй

Сонгуулийн жилийн нөлөө

ЗГ энэ онд $600 саяын дүн бүхий Хуралдай бондын эргэн төлөлт хийх товтой байсан ч өнгөрсөн 11-р сард $350 саяын дүн бүхий Сенчири III бондыг гаргаснаар 2026 он хүртэл ямар нэг бондын эргэн төлөлтөд нүдүүлэхээргүй болсон. Угтаа бол урд хормойгоороо хойдхоо нөхөж өрөө төлөх хугацаагаа 2 жилээр хойшлуулсан хэрэг. 

Бондыг бондоор: Сенчири III бондын хүү 7.875% буюу хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд гэж танилцуулж байсан. Гэсэн ч манайд бондоор босгосон санхүүжилтээрээ шинэ юм бүтээдэг биш хуучин өрөө дардаг тогтолцоо ужгирчихсан. 

Эцэст нь… Гадаад өр түүхэн дээд түвшин болох $35 тэрбумд хүрснээр 1 хүнд ногдох өрийн хэмжээ ч нэмэгдээд буй. Ирэх 4 жилд хэрхэх бол? Өрийн хэмжээ үргэлжлээд л түүхэн дээд түвшинг цохисоор байвал яана вэ? Иргэд маань эдийн засгийн хэцүүхэн хэдэн тоогоо эргүүлж тойруулж байгаад шийдвэрээ гаргадаг бол ч…

ШУУД ДАМЖУУЛАЛТ