Дэлхийн өрсөлдөх чадварын энэ оны тайланд Монголын авсан оноо жилийн өмнөхөөсөө 10.3 оноогоор нэмэгдэж 46.3 болсон ч 67 орноос 61-рт эрэмбэлэгджээ. Угаас манай өрсөлдөх чадвар гэж хэцүүхэн юм бий.
Тайлан: Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс дэлхийн 67 орны өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, дэд бүтэц, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа гэсэн 4 үндсэн бүлэг, нийт 336 шалгуур үзүүлэлтээр харьцуулан тайлагнадаг билээ.
Хэн өсөж, хэн уруудав?
Өрсөлдөөнөөрөө тэргүүлэгчдийг ухвал, Сингапур өнгөрсөн оноос 3 байр ахиж титмийн эзэн болсон бол Аргентин, Венесуэл тус тус 3 байр ухарч сүүл мушгисан байна. Сонирхуулахад, хөгжлийн хувьд хоцронгуй, засаглалын хямралтай орнууд хойгуур байруудад дахин эрэмбэлэгджээ. Тайланг цааш сөхвөл,
8/11: Энэ оны тайланд Өмнөд Солонгос хамгийн олон буюу 8 байр ахиж 20-рт эрэмбэлэгдсэн бол Чех 11 байр ухарч 29-д эрэмбэлэгдэв.
Шинэ: Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд өмнөх онуудад 64 орон эрэмбэлэгддэг байсан бол энэ оны тайланд Гана, Нигери, Пуэрто Рико нэмэгдсэнээр 67 орон болсон юм.
Цаашид нэмүү өртөг шингээсэн хөдөлмөрөө хамгийн өндрөөр үнэлж чаддаг орнууд илүү өрсөлдөх чадвартай байгааг тайланд дурджээ.
Монголын хувьд
Монгол эдийн засгийн тамир тэнхээ бүлгээр өндөр буюу 47.2 оноо авсан бол дэд бүтцийн бүлгээр хамгийн бага буюу 14.4 оноо авлаа. Сонирхуулахад, уг тайланд ЗГ-ын зардал, популист амлалтууд нэмэгдсэн нь цаашид мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж магадгүй төдийгүй сонгууль дууссаны дараа валютын ханш савлах магадлалтай гэж дүгнэсэн байна. Нэмээд энэ онд нүүрсний экспортын хэмжээ буурснаар эдийн засагт багагүй сорилт болно гэх таамаглалыг дэвшүүлж буй.
Эцэст нь… Тус тайланд Монгол 2015 оноос хойш хамрагдахдаа сүүлээсээ 2, 3-рт жагсдаг байсан бол энэ жилийн хувьд шинэ 3 орон нэмэгдэж 67 орон болсноор 61-рт эрэмбэлэгдсэн байна. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлсэндээ ахисан хэрэг биш шүү. Чүй ай Аргентин, Венесуэлийн өмнө орж байна…